Ой тогтоолтын үндэсний аваргыг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2012.03.03-нд нийтлэгдсэн

Ой тогтоолтын үндэсний аваргыг шалгаруулна

Монголын оюун ухааны академиас “Ой тогтоолтын үндэсний аварга 2012” оюуны спорын тэмцээнийг гуравдугаар сарын 17-нд “Чингис” зочид буудалд хийх гэж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа уг тэмцээнд 160 гаруй оюуны спортын тамирчид бүртгүүлсэн бөгөөд үүнээс өнөөдрийн байдлаар эцсийн шатанд 50 хүн өрсөлдөхөөр тунаад байгаа аж. Тэд 105 хүний нэр, зүс царайг 15 минутын дотор цээжилж, эргүүлээд нэрийг нь бичих, 52 хөзрийг холиод 10 минутын дотор цээжлэн алдалгүй хэлэх, түүхэн үйлд явдлын цаг хугацааг нэрлэх гэх мэт ой тогтоолтын найман шалгуураар өрсөлдөнө.  Шалгарсан “ой сайтнууд” олон улсын тэмцээнд оролцон оюунаа сорих боломжтой. Энэ удаагийн тэмцээний шагналын сан гурван сая төгрөг бөгөөд оюуныг дэмжигч Хадгаламж банк, “JCI УБ Централ” салбар байгууллага ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа аж.

Уг тэмцээн нь Монголын оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, улмаар Монгол Улсын нэрийг олон улс, тив, дэлхийн түвшинд гаргах, оюуны спортын тамирчдыг төрүүлэх мөн хүн бүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглаж болдог гэдгийг харуулах зорилготой ажээ.

Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан тэмцээнээс шалгарсан оюуны спортын тамирчид “Ой тогтоолтын дэлхийн аварга-2011” тэмцээнд өрсөлдөж нийт 125 тамирчдаас TOP-10-т шалгарч, хоёр тамирчин ой тогтоолтын Олон улсын Их мастерийн болзол ханган Монгол Улс багаараа хүрэл медаль хүртсэн билээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж