Багш нар энэ сарын 9-нөөс ажил хаяна

Хуучирсан мэдээ: 2012.03.03-нд нийтлэгдсэн

Багш нар энэ сарын 9-нөөс ажил хаяна

Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны багш нарын ажил хаялт зохион байгуулах түр хорооны гишүүд өчигдөр МҮЭСТО-д хуралдаж, дахин ажил хаях шийдвэрт хүрчээ. Учир нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлаар 2012 оны эхний улиралд багтаан цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Засгийн газар Монголын үйлдвэрний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой зөвшилцсөн шийдвэрээсээ ухарч, энэ сарын нэгнээс 80 мянган төгрөгөөр,  тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэх болсныг багш нар эсэргүүцэж байгаа юм байна. Тиймээс багш нар дахин ажил хаяхаар шийдээд байна.

Энэ тухай Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзоригоос лавлахад “Сүүлд хийсэн нэмэлт хэлэлцээгээр багш нарын цалинг хоёрдугаар сарын 1-нээс нэмнэ гэсэн. Засгийн газартай тохиролцсон тохиролцоог УИХ-ын эрхэм гишүүд биелүүлсэнгүй. Цалинг гуравдугаар сараас эхлэн нэмэхээр болсон. Бид тохиролцсоны дагуу хоёрдугаар сарын мөнгөө нэхэмжилж байна.Бидний хүсэлтийг энэ сарын 8-наас өмнө шийдвэрлэхгүй бол гуравдугаар сарын 9-нөөс эхлэн орон даяар ажил хаялт зарлах болно” гэв. Түүнчлэн энэ удаагийн ажил хаялт өмнөхөөс илүү өргөн цар хүрээг хамрах тухай тус Үйлдвэрчний эвлэлийнхний зүгээс мэдэгдлээ.

                            Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж