Үймээний үеэр 12 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Үймээний үеэр 12 хүн нас барав

Хятадын Шиньжан мужийн баруун хэсэгт
нутгийн уугуул Уйгур болон Хятад үндэстнүүдийн хооронд үүсээд буй
хямралаас үүдэн гарсан үймээний үеэр хамгийн багадаа 12 хүн нас барсан
хэмээн Хятадын Синьхуа мэдээллийн агентлаг мэдээллээ. 

Өөрсдийгөө “Догшин дээрэмчид” хэмээн
нэрлээд буй бүлэглэл өчигдөр Кашгар хотод 10 гаруй хүнийг алсан бөгөөд
цагдаа нар дээрх бүлэглэлийн  хоёр гишүүнийг буудан хороожээ. 
 
Уг үймээнээс болж энэ долоо хоногт
Бээжин хотод болж буй Хятадын Ард Түмний Конгресс болон Хятадын бүх Ард
түмний Улс төрийн зөвлөгөөнд ямар нэгэн бэрхшээл учирч болзошгүй хэмээн
үзэж байгаа аж. Дээрх зөвлөгөөнүүдэд гадаадын олон зочид, төлөөлөгчид
оролцох аж. 
 
Үймээний талаар тодруулахаар Кашгарын
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай холбогдоход нэрээ хэлэхээс
татгалзсан ажилтан нь Синхуа агентлагын мэдээллэсэн мэдээг “ор үндэсгүй”
зүйл хэмээн хэлээд утсаа тасалсан байна. Харин Кашгарын Засгийн газрын
цахим хуудас дээр үймээний талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч
“Кашгарт урт хугацаанд тогтвортой байж, хөгжих болно” гэсэн утгатай
үгийг нийтэлсэн байжээ. 
 
Хятадын Гадаад яамны хэвлэлийн
төлөөлөгч Хон Ли хэлэхдээ “Шиньжан муж нь хурдацтай өсөж байгаа бөгөөд
Хятадууд тэрхүү хөгжлийн ард байгаа хүмүүсээс сэрэмжлэх хэрэгтэй” хэмээн
мэдэгдсэн байна. 
Мөн тэрээр “Хятад улс тайван хөгжилд
саад болохуйц аливаа террорист болон салан тусгаарлах үйл ажиллагааг
эсэргүүцнэ” хэмээн хэлжээ. 
 
Анх 2009 онд Шиньжан мужийн нийслэл
Өрөмч хотод Муслим шашинт Уйгурууд болон Хан үндэстнүүдийн хооронд
мөргөлдөөн үүсч 200 гаруй хүн амь эрсэдсэн юм. Уг үймээнийг Зүүний
Исламын шашны хөдөлгөөний Пакистан дахь сууринд сургагдсан шашны хэт
даврагсад өдөөсөн хэмээн Хятадын удирдлагууд үзэж байгаа аж. 
 
 
С.Жавхлан


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж