Бахрейны хувьсгал “дарагдлаа”

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Бахрейны хувьсгал “дарагдлаа”

Гуравдугаар сарын 15-нд Бахрейны ван улс орондоо онц байдал зарлан Засгийн газрын эсрэг олон нийтийн эсэргүүцлийг дарах бүрэн эрхийг цэргийнхэнд өглөө. Урд өдөр нь Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират цэргийн 1000 албан хаагч 500 цагдааг Бахрейнд оруулсан юм.

Бахрейны нийслэл Манама өчигдөр эзгүйрсэн байв.  Хотын төвийн Сувдан талбайд байгаа сөрөг хүчнийхэнтэй нийлүү­лэхгүйн тулд олны замыг цагдаа­гийн­хан хаасан байжээ. Тус орны шиитийн хүн амын өргөн эрхийн төлөө тэмцэж байгаа сөрөг хүчнийхэн Саудын оролцоог “булаан эзлэлт” гэж нэрлэсэн юм. Саудын энэ алхам зарлагдаагүй дайнд хүргэж магадгүйг тэд анхааруулсан байна.  
Жагсагчдыг төв талбайгаас хөөх эрх баригчдын тэдний өмнөх ажиллагаа бүтэлгүйтэж байжээ. Саудын цэргийнхэн орж ирсэн нь тус орны байдлыг улам хүндрүүлж магадгүй боллоо. Жагсагчидтай мөргөлдөөн гарах үеэр нэг сауд цэрэг алагджээ. Бахрейныг тавдугаар флотын бааз болгож байсан АНУ өөрийн иргэдэд хандан тус улсад очихгүй байхыг уриалсан нь байдал ямар хүндэрснийг харуулж байна.
Персийн булангийн орнуудын хаад өнгөрсөн сард эхэлсэн Бахрейны шиитийн хөдөлгөөнийг хөрш орнуудад нь тараахгүйн төлөө бүхнийг хийж байгаа юм. Хэрэв Бахрейны эрх баригчид жагсагчдад буулт хийвэл түүний жишээ нь хөрш Оман, Кувейт эсвэл Саудын Арабад халдварлах аюултай.  Өмнө нь Саудын цэргийнхэн Бахрейнд хуягт танкийн ангиудаас оруулсан байлаа. Мөн Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл нийгмийн хурцадмал байдлыг намжаахын тулд Манамад санхүүгийн тусламж үзүүлэхээр болов. Бахрейны хүн амын ихэнх нь шиитүүд учраас түүнийг Ираны нөлөөнд орно гэдгээс хөршүүд нь болгоомжилж байгаа. Бахрейны нутагт гадаад цэрэг байрлах нь хүлээн авахаар зүйл биш гэж Иран мэдэгдсэн байлаа.
Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн зэвсэгт хүчнийг ашиглах анхны алхам нь энэ боллоо гэдгийг Саудын оролцоо харуулж байна. Бахрейны эрх баригчдад хандан тэвчээртэй байж сөрөг хүчинтэй яриа хэлцэл явуулахыг АНУ уриалаад байна. Гэвч эрх баригчид өчигдөр шөнө Сувдан талбайгаас эсэргүүцэгчдийг хөөн чөлөөлж, тэдний майхант лагерийг шатаан цэвэрлэсэн байлаа.  
Мөн энэ үед Ливийн байдал муудаж байна. Каддафийн үнэнч цэргийнхэн стратегийн чухал түшиц болох Аддаби хотод ойртож ирлээ. Уг хот нь босогчдын нийслэл болоод байгаа Бенгазид хүрэх замд байдаг. Аддаби хотод босогчид хамгаалалтад бэлтгэн танк хуягтуудыг  баруун хэсэгтээ байрлуулан бэхлэлт босгож байна. “Энэ бол бидний хамгаалалтын сүүлчийн шугам. Үүний цаана бидний эхчүүд, хүүхдүүд, өвгөд байгаа” гэж нэг дарга нь хэлж байна. Ойрын хоёр, гурав хоногийн дотор уг хот эзлэгдэнэ гээд гадаадын сэтгүүлчдийн хэсэг Бенгазийг орхин гарчээ.
Сөрөг хүчний төлөөлөгч хэрэв Каддафийн цэрэг Бенгазид орж ирвэл Руандагийн хоморголон устгал шиг яргалал явагдана гэдгийг  анхааруулж байна. АНУ, НАТО хэрэг явдалд оролцохоос азнас хийж байгаа ба сөрөг хүчнийг дэмжих Францын саналыг G8  дэмжихээ яарахгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж