УБТЗ-д 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

УБТЗ-д 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Төмөр замын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ. Тус зөвлөгөөн гуравдугаар сарын 2-3 өдрүүдэд үргэлжлэх бөгөөд  нийт 140 орчим төмөр замчид цуглаж өнгөрсөн оныхоо алдаа, оноо, ирээдүйдээ хийх ажлаа хэлэлцэж байна. УБТЗ 2011 онд 18.4 сая тонн ачаа, 3.8 сая зорчигч тээвэрлэн, 11.4 тэрбум тонн/км , 1.4 тэрбум зорчигч/ км нийтдээ 12.8 тэрбум шилжүүлсэн тонн км-ийн ажил хийж гүйцэтгэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад ачаа эргэлт 11 хувиар, зорчигч эргэлт 14.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн өнгөрсөн онд УБТЗ нь 4.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Өсөн нэмэгдэж буй тээврийн эрэлт хэрэгцээг тасралтгүй найдвартай хангах зорилгоор гол замын 30, сэлгээний долоон зүтгүүр худалдаж авсан нь тээврийн хэмжээг өсгөжээ. Нөгөөтэйгүүр ажиллагсадынхаа нийгмийн асуудлыг ч орхигдуулаагүй төдийгүй “Орон сууцжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 600 гаруй төмөр замчдыг ипотекийн зээлд хамруулсан байна. Улмаар ирэх онд 19.2 сая тонн ачаа, дөрвөн сая зорчигч тээвэрлэн, тээвэрлэлтээс 416.3 тэрбум төгрөгийн орлого олж, 2.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөсөн аж.

УБТЗ-ын дарга Т.Очирхүү: Дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн вокзал барихаар төлөвлөөд байна

-Ирэх онд УБТЗ дөрвөн сая зорчигч тээвэрлэж, 400 тэрбум төгрөгийн орлого олох төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн 700 шахам өрхийг ипотекийн зээлд хамруулж, орон сууцаар хангана. 70 км замын эх засвар, 45 км замын нөхөн сэргээлтийн ажил хийгдэнэ. Ер нь манай замын байдал сайнгүй байгааг бүгд харж байгаа. Тодруулбал, нийтдээ 1800 км замтайгаас 1000 км нь эх засвар хийх шаардлагатай. Манай салбар өөрөө байнга алдагдалтай ажилладаг учраас зорчигч, ачаа тээвэрлэлтийн хөрөнгийн эх үүсвэр олддоггүй. Монгол Улсын Засгийн газар 2012 оны төсөвт УБТЗ-ын дүрмийн санд 150 тэрбум төгрөг тусгасан байгаа. Мөн ОХУ-ын Засгийн газартай тохирсны дагуу 125 сая доллар энэ жил манай улсын Засгийн газраас  өгөх ёстой. Өнгөрсөн жил ОХУ-ын Засгийн газар 125 сая доллараа  өгчихсөн болохоор энэ жил манай засгийн газар амлассан мөнгөө өгөх байх. Үүнээс гадна бидний зүгээс 90 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Нийтдээ 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм. Үүнээс гадна Замын-Үүд Эрээний дамжин өнгөрөх шат дамжлагыг аль болох чирэгдэлгүй болгохоор хичээж ажиллах болно. Мөн бид дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн вокзал барихаар төлөвлөж байна. Одоогийн байгаа вокзал нь зөвхөн нэг талаасаа ордог бол бид урдаасаа хойноосоо буюу хоёр талаасаа ордог орчин үеийн вокзал барих төлөвлөгөөтэй байна. Үүнд маш их хөрөнгө шаардлагатай учраас  5-6 жилийн дараа ажил хэрэг болох байх. Орчин үеийн вокзалын зураг төслийг нь бид гаргаад хувийн хэвшилтэй хамтрах бодол байна. Учир нь дэлхийн бусад орнуудад хувийн хэвшил нь төмөр замаа дэмжиж  ажилладаг.

Сайншанд өртөөний дарга Ё.Ёндонноров: Тавантолгой-Сайншандийн чиглэлд босоо тэнхлэгийн төмөр зам тавигдана

-Сайншанд өртөө нь нийтдээ 10 замтай төмөр замын хамгийн том зангилаа юм. Маш том аж үйлдвэрийн том хот болж хөгжинө. Сайншандын том зангилаа болж өргөжин хөгжих төлөвтэй байна. Нэг дахин нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Анх 1956 онд байгуулагдсан бөгөөд 55 дахь жилдээ ажиллаж байна. Орон нутгийн төмрийн хүдэр, жонш, нефтийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх тал дээр өргөжинө. Таван толгой-Сайншанд зэрэг хэд хэдэн чиглэлд холбогдсон босоо тэнхлэгийн  төмөр зам тавигдана.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж