Тиймээс эрх баригчдыг горьдлогын нүдээр ширтэж, ирээдүйгээ даатган хүлээх энгийн иргэдийн чихэнд чимэгтэй мэдээллийг Засгийн газраас хүргэж байна. Эрх баригчид сайхан аашилж, иргэдийн баярлуулах нэгэн арга бодлого хэрэгжүүлэхээр болсон нь орон сууцны зээлийн хүүг зургаан хувь болгосон явдал. Орон сууцны санхүүжилтийн корпорациар дамжуулан хэрэгжих төслийн хүрээнд иргэд жилийн зургаахан хувийн хүүтэйгээр байрны зээл авах боломжтой болжээ. Засгийн газрын шинэхэн шийдвэр олон залуусын нүдэнд итгэлийн оч үсэргэж байна. Тэдэнд урам зориг, итгэл найдварыг бэлэглэсэн энэхүү шийдвэр нүдээ бас цагаа олж чадсан гэх магтаалыг олон нийт унагаж буй. Ний нуугүй хэлэхэд, сардаа хэдэн төгрөг төлөөд шинэхэн байртай болчихно гэхээр олон залууст ажиллаж хөдөлмөрлөх эрч хүч, хүсэл зорилго нэмж буй биз ээ. Энэ томоохон ажлын хүрээнд Хөгжлийн банкинд 800 тэрбум төгрөгийн бонд гаргахаар Засгийн газраас шийдвэрлэж. Эл мөнгөөр “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг эхлүүлэх, шинээр барих төмөр зам, авто замын бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэх боломжтой боллоо хэмээн мэргэжилтнүүд талархаж байна. Эх орны хишиг болгон тарааж буй 805 тэрбум төгрөгийг эрх баригчид энэ ажилд нэмэрлэчихвэл бүр ч том асуудлыг нугалах нь тодорхой. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг. Мэдээж, арилжааны банкнаас олгож буй орон сууцны зээлийн асуудал Засгийн газрын шийдвэрээс өөр замаар өрнөнө гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу. Арилжааны банкуудын зээл олгох асуудалд төр хөндлөнгөөс оролцох эрх байхгүй учраас. Гэхдээ Орон сууцны санхүүжилтын корпорациар дамжин хэрэгжиж буй орон сууцны зээлийн хүү зургаан хувь болтлоо буурна гэдэг зах зээлийн зарчмаар арилжааны банкуудад ч нөлөөлөх нь дамжиггүй. Тэд хүссэн ч эс хүссэн ч зээлийн хүүгээ бууруулна хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Тогтмол орлогогүй, ажилгүй хүмүүст энэ шийдвэр ямар ч хамааралгүй. Орон сууцны хүүг зургаан хувь болгон бууруулсан нь халамжийнханд зориулсан бэлэг биш юм. Мөн орон сууцанд амьдардаг атлаа түүнийгээ шинэчилчих бодолтой, мөнгөтэй, бэнчинтэй хүмүүст бас хүртээлгүй юм билээ. Ар өврийн хаалгаар амьдралын төвшин дээгүүр хүмүүст зээл олгохыг хатуу хориглож, дундаж амьдралтай, тодорхой орлоготой, тогтсон ажилтай хүмүүст зориулсан шийдвэр гэдгийг Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд анхааруулсан гэсэн. Энэ ажлыг бодит болгох, түүнчлэн иргэдээ орон сууцжуулах илүү их боломжийн талаар Засгийн газар шаргуу ажиллахын тулд Монгол Улсын шадар сайд М.Энхболдоор ахлуулсан Үндэсний хороог шинээр байгуулсан аж. Үндэсний хорооныхон нийгмийн аль хүрээнд тодорхой квот тогтоож, орон сууцны зээлийн хүүг зургаан хувиар тооцож олгох вэ гэдгийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэх бололтой.
Төрийн албан хаагчдад зориулсан “4000 айлын орон сууц” хөтөлбөрийн явцыг мэргэжилтнүүд “ок” хэмээн үнэлээд байгаа. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд арилжааны банкаар дамжуулан олгосон зээлтэй харьцуулахад дээрх хөтөлбөр ганцхан жилийн дотор 2900-гаад өрхийг орон сууцжуулсан байна.
Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах томоохон бодлогыг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай ч бага хувьтай зээлийн хүүтэй байранд орох эрхийг зөвхөн төрийн албан хаагчдаар хязгаарлах нь учир дутагдалтай байгааг хувийн хэвшлийнхний зүгээс гомдоллодог. Улсын төсвийг бүрдүүлж буй хувийн хэвшлийнхэн, ажил олгогчдын зүгээс ажилчдынхаа амьдралын баталгааг буй болгох, орон сууцжуулах асуудлыг хөндөж буйг Засгийн газрынхан хэрэгжүүлэх ажилдаа тусгах талаар бодох нь зүйн хэрэг болжээ. Үнэхээр Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлье гэвэл бодлогоор хувийн хэвшлийнхнийг орон сууцжуулахад төрөөс дэмжих хэрэгтэй байна. Тэгэхээр бага хүүтэй, урт хугацаатай зээлд хувийн хэвшлийнхэн хамрагдана гэж найдъя. Яагаад гэвэл энэ улсын эдийн засаг хувийн хэвшлийнхний нуруун дээр тогтож буй болохоор. Эрх баригчдын баталсан энэхүү шийдвэр хөрсөн дээр бууж чадвал утаа униар, агаарын бохирдол бүр ажилгүйдэлтэй тэмцэх “вакцин” болж чадах юм. Эцэст нь хэлэхэд энэ шийдвэр ирэх сонгуулийн урьдчилгаа, эрхэм гишүүдийн амлалт болоод хувирчихгүй байгаасай гэж хардаж буйгаа нуух юун.