-Цөмийн энергийн газар Буянт-Ухаа болон хилийн боомтууд дээр цацраг идэвхит бодис нэвтэрч бус эсэх хяналт шалгалтыг байнга хийдэг. Энэ нь ямар аюулаас сэргийлж байгаа вэ гэхээр цацраг идэвхит бодисын тээвэрлэлт хуулийн дагуу болон хууль бусаар хийгдэж байгаа эсэхийг тогтоох зорилготой юм. Ялангуяа хууль бусаар, нууцаар тээх, ямарваа хулгайн, террорист бүлэглэлийн үйл ажиллагаанаас сэргийлэх зорилготой. Монгол Улс цөмийн зэвсэг үл бүтээх гэрээний гишүүн орны хувьд цөмийн эрчим хүчийг зөвхөн энхийн зорилгоор ашиглах үүрэг хүлээсэн. Энэ үүргээ сайн биелүүлэхээс гадна давуулан биелүүлдэг орон гэж хэлж болно. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах гэрээнд нэгдсэн орнуудаас манлайлагч орны тоонд зүй ёсоор ордог.
-Одоо хийгээд байгаа хэмжилт Японд болсон явдалтай холбоогүй юм уу?
-Японд болж байгаа үйл явдал цөмийн зэвсгийн асуудалтай ямар ч холбоогүй. Зөвхөн эрчим хүчний зориулалтаар ашиглаж байгаа станцад байгалийн гамшгаас болж бэрхшээл тохиолдоод байна. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрлаж байгаа учраас Японд байдаг 55 цөмийн цахилгаан станц бүгдээрээ газар хөдлөлийн чичирхийллийг мэдэрч, автоматаар унтардаг, давхар хамгаалалттай, хяналтын өндөр системийн дор ажилладаг. Хаалт буюу хамгаалалтын систем өндөр төвшинд. Эдгээр станцууд газар хөдлөлт болсон даруй унтарсан. Гол нь газар хөдлөлтөөс гадна маш хүчтэй цунами болсон учраас үерийн усны нөлөөнөөс зарим эд ангиуд, тухайлбал, хөргөлтийн шахуурга ажиллахгүй болсноос бэрхшээл үүссэн. Гэхдээ Япон технологи өндөр хөгжсөн орны хувьд цацраг идэвхт бодис ихээр алдагдах явцыг зогсоон барьж чадсан.
-Манай Цөмийн энергийн газрын хийж байгаа шалгалтууд Японд болсон үйл явдалтай холбоогүй юм уу. Байнга хийдэг хэмжилт шалгалтыг бид энэ явдлын далимд олж мэдсэн юм байна гэж ойлголоо?
-Байнга хийдэг хэмжилт шалгалтууд юм. Үнэхээр таны хэлж байгаагаар цацрагийн хяналтыг яагаад хийдэг юм, хаана хийдэг юм бэ гэдэгт ард иргэдэд ойлголт багатай байдаг. Гэхдээ Японд болсон үйл явдлын дараа бүс нутгийн улс орнууд анхаарлаа өндөржүүлж байна. Өмнөд Солонгост ослын улмаас цацраг идэвхит бодис салхиар юм уу, агаар мандлаар тархан орчих вий, ямар нэгэн байдлаар өндөр цацраг илрэх вий гэдгийг тогтмол хянаж байна. Байгаль орчин, хүн амын аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл учрах вий гэдгийг хянаж байна. Одоогоор хяналт хийж байгаа цэгүүд дээр цацрагийн хэмжээ ердийн үеийнхээс нэмэгдсэн тохиолдол ажиглагдаагүй, хэвийн байгаа. Тэгэхээр энэ нь урьдчилан сэргийлж, анхааралтай байгаагийн хэлбэр болохоос бус ямар нэг аюул үүсэх гэж байна гэсэн үг биш. Мөн түүнчлэн Японы бүх мужид хэмжилт хийж байх шийдвэр гараад байна. Мэдээж осол болсон Фукушима орчимд цацрагийн хэмжээ ердийн үеийнхээс өндөр байгаа. Ослын голомтоос 10 км-т байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. 20-30 км-т байгаа иргэдийг хамгаалалт хэрэглэхийг зөвлөсөн. Түүнээс гадагш байгаа иргэд хэрхэх талаар одоогоор чиглэл өгөөгүй байна. ОХУ-д мөн Владивосток орчимд мөн ийм хяналтыг хийж байна.
-Японд дахиад цөмийн реактор дэлбэрэх аюулыг бүрэн хааж чадсан уу? Болзошгүй эрсдэл бий юү?
-Хүчтэй дэлбэрэлт болох аюулыг хааж чадсан. Гол нь эхэн үедээ хэцүү байсан. Одоо аюулын хэмжээ багасч байна. Мэдээж жолоодлого хэрэгтэй систем. Юу хийж байгаагаа мэдэх өндөр төвшний нарийн мэргэжилтнүүдээс бүрдсэн онцгой байдлын баг тэнд ажиллаж байна.
-Ослын зэрэглэл ямар нөлөө үзүүлэх хэмжээнд байна вэ. Одоогоор Владивостокт, Солонгосын хойгт мэдрэгдсэн зүйл алга гэж байна. Аюул хаагдсан гэж үзэж болох уу. Хэдий хэрийн хугацааны дараа тайвширч болох вэ?
– Хор хөнөөл цаашид нэмэгдэхгүй. Аюул болсноос хойш цаг хугацаа өнгөрөхийн хэрээр аюул багасч байна. Ослын зэрэглэлийг 0-7 хүртэл ангилдаг. Фукушимагийн ослын зэрэглэлийг 4 гэж тогтоосон нь тухайн орчинд хор нөлөөтэй гэдэг зэрэглэлд хамруулж байна гэсэн үг. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд тухайн реактор орчмоос цааш хор хөнөөлгүй гэсэн үг юм.
-Японд 55 атомын цахилгаан станц ажилладаг гэлээ. Тэдгээр нь хэдэн оны үед баригдсан бэ. Хэдий үеийн реакторууд вэ, “Фукушима” бол далаад оны үеийн станц юм байна.
-Японы 55 станцын хорь орчим нь сүүлийн 15-20 жилд баригдсан станцууд гэдэг тоо байдаг. Чернобылийн атомын цахилгаан станцаас хойш дэлхийн улс орнууд атомын цахилгаан станц байгуулах төслүүдээ зогсоосон. Гэтэл Япон үргэлжүүлэн барьж байсан л даа. Мэдээж эхлээд барьсан станцууд нь харьцангуй хуучин технологитой. Сүүлд баригдсан станцууд нь орчин үеийн технологитой. Нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар генерацийн гэж дотор нь хувааж байгаа. Одоо баригдаж буй станцууд нь 3+ генерацийн станцууд юм. Харин 55 станцын хэд нь гуравдугаар генерацийнх гэдгийг сайн мэдэхгүй байна. Дийлэнх нь 2 ба 3 дугаар генерацийн станцууд болов уу.
-Дөрөвдүгээр генерацийн станц гэж байдаг уу. Ер нь цөмийн физикийн салбарт гарч буй ололт дэвшлүүд атомын цахилгаан станцтай яаж холбогдож байна вэ?
– Дөрөвдүгээр генерацийн буюу хурдан нейтроноор явагдах генерац 235 биш 238 гээд байгаль дээр илүү түгээмэл илэрдэг ураныг ашигладаг. Байгаль дээр байгаа түлшийг бүрэн дүүрэн ашиглаж чаддаг болно гэсэн үг. Тэр бол цоо шинэ урвалын станцууд. Эдгээр станцууд зөвхөн дизайн, судалгаа хөгжлийн явцад байгаа. Үүнийг барих судалгааны ажил эхний станц баригдтал дахиад 15-20 жил үргэлжилнэ. Судалгаа эхлээд хориод жил болж байгаа. Тэгэхээр нийтдээ 40 жил судалж байж тийм станц буй болж байгаа юм. Хурдан станцын судалгаагаар Энэтхэг болон Франц тэргүүлдэг. Япон бас их ойрхон явж байгаа.
Цөмийн энерги талаасаа мэдээж инженерийн, дизайны ололтууд байна. Мэдээллийн технологи хөгжсөнтэй холбоотойгоор бүхий л эд ангиудыг лабораторийн нөхцөлд гараараа хийж угсрах биш компьютер дээр загварчлалын аргаар илүү хурдан хийх боломжтой болж байна. Өмнө нь цөмийн реакторт болж байгаа урвалыг явуулахад санах ой ч юм уу, хүчин чадал хүрэлцдэггүй байсан бол бүгдийг нь гүйцэтгэж чадахаар супер комьютерүүд гарсан байна. Аль эд ангийг түрүүлж хийх вэ, аль суурийг нь тавих гэдгийг тооцоолсоор 10 жил болдог байсан бол одоо тиймгүй болж байна. Саяхны нэг олон улсын симпозиум дээр нэгэн компани өөрийн танилцуулга хийсэн. Тэдний хийсэн бүтээлээр бол атомын цахилгаан станц барих явцыг гурав дахин хурдасгах боломжтой болж байна. Энэ бол мэдээллийн технологи хөгжсөний үр дүн. Нөгөө талаас физикийн урвалыг илүү нарийвчлалтай хэмжиж чадаж байна, аюулгүй ажиллагааг илүү нарийн хянах боломж бүрдэж байна л гэсэн үг.
-Чернобылийн атомын цахилгаан станцын ослоор дамжуулж монголчуудын энэ талаарх ойлголт, мэдлэг бүрэлдсэн байдаг. Тэр нь мэдээж таагүй. “Фукушима”-гийн станц Чернобылийнхтэй ойролцоо цаг үед баригдсан гэхээр технологи нь мөн ойролцоо гэж ойлгож болох уу?
-Ойролцоо үед баригдсан ч тэр хоёрыг зүйрлүүлэлтгүй юм. Нэг нь асар хурдтай орчин үеийн тохилог машин гэсэн үг. Нөгөө нь үхэр тэргээс арай дээр зүйл гэж хэлж болно. Чернобылийн станц үнэхээр хүйтэн дайны үед баригдсан. Би АНУ-д багшилж байхдаа уг станцын дэлбэрэлтийн шалтгаан, үр дагаврын талаарх анализийг заадаг байсан. Чернобылийн атомын станцын дэлбэрэлт бол онцгой тохиолдол. Тэр станц анх баригдахдаа л ард иргэдэд эрчим хүч нийлүүлэх зорилгоор биш ураныг ашиглан урвал явуулж, плутон гэдэг цөмийн зэвсгийн түүхий эд гаргаж авах зорилготой байсан. Тэр явцад гарч байгаа илүүдэл цахилгааныг хэрэглээнд нийлүүлдэг байсан. Цэрэг, дайны зорилгоор баригдсан станц. Плутон гэдэг түүхий эдийг гаргаж авах хэрэгтэй байсан, гаргаж авахын тулд ил ажиллуулдаг байсан. Бодохоос жихүүдэс хүрмээр. Ямар ч хамгаалалтгүй ил байсан гэхээр. Дэлбэрэлтийн ослын зэрэг нь 7 байсан. Фукушимагийн осолтой зүйрлэх аргагүй. Мэдээж “Фукушима”-гийн осол ч амаргүй л дээ.
-Цацрагийн хор хөнөөл хэдий хугацаанд ямар шинж тэмдгээр илэрдэг вэ. Чимээгүй урт хугацаанд илэрдэг гэж хүмүүс боддог?
-Ер нь цацрагийн хордлого гэдэг харьцангуй. Үнэхээр хүчтэй хордлого авах нь аюултой. Хорт хавдар үүсгэх, цусны цагаан бөөм задлах, түлэх зэрэг аюултай. “Фукушима”-д ийм зүйл байхгүй. Харин бага хэмжээний цацраг ямархуу байдлаар нөлөөлөх вэ гэдэг асуудал байна. Хүн онгоцоор нисэхэд маш их цацраг авдаг. Рентген зураг авахуулахад бас цацраг авдаг. Үнэндээ эдгээрээс учирч байгаа хор нөлөө байдаггүй гэхэд болно. Тийм учраас хүн санаа зовохгүй онгоцоор нисдэг. Санаа зовохгүй рентген зураг авахуулдаг. Гар хөл хугарахад түүнээс илүү оношилгоо байхгүй. Хамгийн түгээмэл арга. Бүтэн биеийн томографф гээд цацрагийн оношилгооны аргууд байна. Энэ оношилгооны үед маш их тунгаар цацраг өгч байгаа ч хортой нь илэрхий тогтоогдохгүй байна. “Фукушима”-гийн ослын улмаас гарч байгаа цацраг идэвхийн хэмжээ Улаанбаатараас Сөүл нисч хүрэх хооронд авах цацрагийн хэмжээнээс хэд дахин бага тунтай юм.
-Гэхдээ хүртэж байгаа цацраг нь ялгаатай юм биш үү?
-Цацрагийн үндсэн дөрвөн ангилал байдаг. Хоорондоо ялгаа багатай л даа. Онгоцоор нисэх үед сансрын цацрагт ордог.
-Монгол Улс ураны нөөцтэй орны тоонд ордог. Энэ салбарт шинэ концепци тодорхойлоод байгаа шүү дээ. Уран бол атомын цахилгаан станцын түлш гэдэг утгаараа яг өнөөдөр анхаарал татах сэдэв?
-Ураны салбар бол Монголд шинэ салбар. Мардайн уурхайг бид ашиглаж байсан ч Монголын талын оролцоо бага байсан. Сүүлийн үед ураны эрэл, хайгуул нэмэгдэж, олборлолт эхлэх гэж байна. Цөмийн энергийн хууль гарлаа, энэ салбарт баримтлах бодлого гарлаа. Хууль эрх зүйн орчин бүрэлдлээ. Бизнесийн орчин ч байгаа учраас хайгуулын компаниуд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ бусад ашигт малтмалын адилаар нэмүү өртөг шингээх боломжийг бий болгох хэрэгтэй.
-Бид гадагш нь экспортлох нь тодорхой байх. Худалдан авагчид маань хэн байх вэ?
-Цөмийн энергийн хуульд ч байгаа. Бид ураныг зөвхөн энхийн зорилгоор ашиглана гэж. Дотооддоо бүх зүйл энхийн зорилгоор ашиглах төдийгүй манайхаас уран импортолж байгаа улс орнууд ч зөвхөн энхийн зорилгоор ашиглаж байгаа гэдэг баталгааг гаргуулж авна. Би улс орнуудын гэрээ хэлэлцээ, санамж бичигт байнга ажиллаж, энэ санааг тусгаж байгаа. Саяхан Ерөнхий сайд Австралид айлчилсан. Австрали бол уран импортлогч томоохон орон. Бас Монголтой адил зөвхөн энхийн зорилгоор ашиглаж байна гэдэгт итгэлтэй байхыг хүсдэг. Зорилгодоо тууштай үнэнч. Австралиас гарч байгаа ураныг яаж ашиглаж байна вэ гэдгийг хянадаг хяналтын систем байдаг. Канадаас гарч байгаа ураныг хаана яаж ашиглаж байгааг хянадаг систем мөн бий. Тэрэнтэй адилхан Монголоос гарч байгаа ураныг яаж ашиглаж байгаа юм бэ гэдэг нь гэрээ хэлэлцээрийн салшгүй нэг хэсэг болж явдаг.
-Цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа орнууд түүхий эдээ хаанаас авдаг байх вэ. Уран импортлогч орнуудын тэрхүү хяналтаас гадуур худалдаа, харилцаа байдаг гэж үзэх үндэслэл бий юү?
-Тийм хууль хяналтаас гадуурх харилцаа байж магадгүй учраас, байгаа учраас Иран, Хойд Солонгосын асуудал үүсч байна гэсэн үг. Мэдэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Иранд хориг арга хэмжээ авч байна. Ураныг зэвсэгт хэрэглэх төвшинд хүртэл баяжуулж байгаа нь олон улсын энхийн зорилгод нийцэхгүй сондгойрч байгаа үйл явдал. Эдгээр улсуудын хувьд өөрийн дотооддоо байгаа ураны олборлолтоо буруу зорилгодоо ашиглаж байна гэж үзэж болно. Мөн заавал Австрали, Канад, Монгол шиг энхийн зорилгоор биш ашиглаж буй орноос биш өөр газраас авч болж байна гэсэн үг.
-Бид уранаа ашиглаж атомын цахилгаан станц барих нь ирээдүйтэй гэж үздэг үү?
-Эрчим хүчний нэгдсэн бодлого хараахан сайн боловсроогүй байна. Манайх нүүрсээр баялаг, үнэ өртөг нь хямдхан байна. Тэгэхээр нүүрсийг аль болох утаа бага ялгаруулдаг хэлбэрээр ашигладаг байх нь эдийн засгийн хувьд илүү амархан дөхөм хувилбар байх гэж хувьдаа бодож байна. Цөмийн цахилгаан станц барина гэдэг бол нүүрстэй өрсөлдөхөд хэцүү байх. Анхны барих өртөг өндөр ч нэгжид ногдох зардал нь ойролцоо л доо. Анхны баригдах өртөг өндөр байна гэдэг манай эдийн засгийн багтаамжтай харьцуулахад төвөгтэй. Нүүрсний станц барих нь өртөг бага. Мөн нНарны эрчим хүч, салхины эрчим хүч, гео таримал эрчим хүчийг ашиглах боломж хэд хэлэн хувьтай байгааг бас тогтоох хэрэгтэй. Эрчим хүчний либеральчлал явагдаагүй учраас энэ бүхний эдийн засгийн бодит өртөг, үр ашгийг тооцоолж судлах нь амаргүй юм. Нүүрсний үнийг чөлөөлж байж, эрчим хүчний либералчлал тогтоно. Үнийг хиймлээр дараад байхаар нүүрсийг ашиглаж байгаа салбар хөл дээрээ тогтох хэцүү. Ийм ийм асуудлууд хоорондоо сүлжээтэй.
-Дахиад Японп болсон үйл явдал руу орж байна. “Фукушима”-гийн амтомын цахилгаан станц Японы эрчим хүчний хэдэн хувийг хангадаг байсан бэ?
-“Фукушима” Токиогийн цахилгааны эрчим хүчний компанийн нийт үйлдвэрлэдэг цахилгааны 2 хувийг үлйдвэрлэдэг байсан. Нийт хэрэглээний бага хувь. Гэхдээ тодорхой хэмжээнд энэ станц нь үнэтэй эд. Дахин ашиглах боломжгүй болж байгаа байх. Тэгэхээр тэр үүднээс эрчим хүчний үйлдвэрлэлээсээ гадна өөрийн өртөг нь алдагдал болно. Мөн байгал орчны бохирдлыг нөхөөн сэргээхэд зардал гарна. Үнэхээр энэ тохиолдолд Японы ард түмний өмнөөс эмгэнэхэд хүргэж байна. Мөн нөгөө талаар мэргэжилтнүүдийнх нь ур чадварыг биширч байна. Ямар тэсвэр тэвчээртэй, дэг журамтай, нэгдсэн байр суурьтай, бие биеэ дэмждэг хүмүүс вэ гэдгийг биширч байна. Нарийн мэргэжлийн хүмүүс нь улам хурцлагдаж үүнээс болоод гутрахгүй ажлаа үргэлжүүлээсэй, эдийн засагт нь бүү нөлөөлөөсэй гэж хүсч байна.
-Японд болсон үйл явдлаас үүдэж цөмийн энергийн салбарт тусч байгаа хамгийн том сургамж юу вэ. Олон улсын хэмжээнд бодлого, баримтлалд өөрчлөлт орох болов уу?
– Бүс нутгийн хувьд гэвэл Японд шинэ станц баригдах асуудал хэцүү болох байх. Атомын цахилгаан станц барихад олон улсын байгууллагад төлөвлөгөөгөө мэдэгдэх, олон нийтийн санаа бодлыг тусгах, ард иргэдийн зөвшөөрлийг авах хэрэгтэй болдог. Скандинавын орнуудад гэхэд иргэдийн санаа бодол дээр үндэслэдэг. Улс улсад жишиг өөр. Олон улсын жишиг бол орон нутгийн иргэдийн санаа бодлыг харгалздаг. Аль хэдийнэ хүмүүсийн дунд цөмийн эрчим хүч хэрэгтэй хэрэггүй гэсэн маргаан өрнөөд эхэлчихэж. Цөмийн эрчим ашиглах асуудлыг сааруулж болохгүй, энэ нь дэлхийн дулаарлыг зогсооход хэрэгтэй гэж үзэж байгаа хэсэг байна. Хойд туйл хайлснаар далайн усны температур нэмэгдэнэ. Тэр нь урсгал гольдрилд нөлөөлнө. Цунами болох давтамж нэмэгдэнэ. Үүнийг зогсоохгүй бол болохгүй гэж байна. Нөгөө нь хэсэг нь цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл ийм аюултай байхад дахиад станц барих хэрэг байна уу гэсэн байх жишээтэй. Олон нийтийн санаа бодол аль тийшээ эргэхийг мэдэхгүй. БНХАУ бол маш олон станц барих төлөвлөгөөтэй байгаа, үүнийгээ өөрчлөхгүй гэдэг байр сууриа илэрхийлээд байна.