Дэлхийн банк Бээжинд ”жор” бичив

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк Бээжинд ”жор” бичив

БНХАУ-ын эдийн засаг эргэлтийн дээд цэгтээ хүрлээ. Хөгжлийн загварыг солихгүйгээр, төрийн оролцоог буургахгүйгээр, хувийн хэвшлийг дэмжихгүйгээр, нийгмийн шинэчлэлийг хийхгүйгээр эдийн засгийн тогтвортой өсөлт гарахгүй гэсэн дүгнэлтийг Дэлхийн банкны тайланд дурдсан байна. Баримтыг Хятад эрдэмтдийн тусламжтайгаар бүтээсэн ч өөрчлөлт хийхийг хүсэхгүй байгаа төрийн аппаратынхан хүлээн авахгүй байж магадгүй.

Бээжин хотноо мягмар гаригийн орой БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Судалгааны төвийн эрдэмтдийн тусламжтайгаар хийгдсэн илтгэлээ Дэлхийн банкны тэргүүн Роберт Зеллик танилцуулав. Зелликийн хэлснээр Хятадын эдийн засгийн эргэлтийн үе ирж байгаа гэнэ. Өнөөгийн загвар нь тогтворгүй бөгөөд эдийн засгийн өсөлт нь хоёр дахин буурах ажээ. Ойрын хэдэн жилд өсөлт жилдээ найман хувь байгаад дараагийн 20 жилд нь 6,6 хувь болтол багасах аж.

Гэвч АНУ-ыг гүйцэн түрүүлж, дэлхийн том эдийн засаг болох боломж Хятадад хангалттай. Хятад хөгжлийн  шинэ загварт шилжихийн тулд  чөлөөт зах зээлийн шилжилтээ төгсгөж, төрийн компаниудын үүргийг багасган хувийн хэвшлийг хөхиүлэн дэмжиж, баян хоосны ялгааг багасгах, хүрээлэн буй орчны эвдрэлийг зогсоох зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй болж байна.

“Хятад-2030” гэсэн нэртэй илтгэл нь сахаран хальстай гашуун эмийг санагдуулж байна хэмээн Wall Street Journal сонин бичжээ. Өсөлт удааширна гэдэгтэй шинжээчид санал нэг байгаа ч тэр нь аажмаар уу эсвэл эрс үү гэдгийг харин урьдчилан хэлж мэдэхгүй байна.

“Гэнэтийн ямар ч удаашрал нь банкууд, үйлдвэрүүд, янз бүрийн төвшииний засгийн газруудын өсөлт гэх бүтээлгээр бүтээлгэсэн нөхцөлт үүрэг ба үр дүнгүйг нээж, улс орныг хямралд оруулах магадлалтайг” илтгэл сануулжээ.

Хятадын эрдэмтдийн дунд хуучин загвар шавхагдсан учир хөгжлийн шинэ загвар хэрэгтэй гэсэн санаа эртнээс өрнөж байгаа. Хуучин загвар нь гадаад зах зээлийг энгийн хятад бараа бүтээгдэхүүнд нээх, хямд ажлын хүч, эрчим хүч болон бусад нөөцийн асар их хэрэглээ гэсэн гурван тулгуурт үндэслэгдэж байв. Одоо эдгээр хүчин зүйл нь үйлчлэхээ больж байна. Олон орнуудын гадаад зах зээл хаагдаж, ажлын хүчин үнэтэй болж байна. Түүхий эдийн хангамж ч хунигдаж байна.

Тэгэхлээр гадаад зах зээлээс дотоод зах зээлд чиглэх хэрэгтэй болж байна. Үүний тулд нийгэм, улс төрийн салбаруудад өөрчлөлт хэрэгтэй болж байна. Дунд ангийг нэмэгдүүлэн тэдний хэрэглээ ба үйлчилгээний эрэлтийг гаргаж ирэх хэрэгтэй болж байна. Эдгээр зорилтуудыг хэрхэн шийдэх вэ? Энэ жил Коммунист намын их хурал болон Хятадын удирдлага солигдоно. Их хурлаас эдийн засгийн чиглэлийг тодорхойлно гэсэн хүлээлт байгаа. Дэлхийн банкны зөвөлгөөг Хятадад хүлээн хүлээн авна гэсэн үг биш. Тус оронд янз бүрийн санаа оноо гаргах чадалтай судлаачид ажиллаж байгаа. Мөн эдийн засгийн хөөрлөөр хөрөнгөжсөн хэсэг бүлэг хүмүүс байгаа бөгөөд тэд шинэчлэлийн эсрэг зогсох нь мэдээж.

Илтгэлийг танилцуулахад Дэлхийн банкны зөвлөмжийг тэр болгон хүлээн авахгүй байгаа нь харагдав. Бие даасан эдийн засагч Ду Жяньго гэдэг залуу Зелликийн үгийг таслан “Энэ илтгэл Хятадын ард түмэнд юу ч өгөхгүй!.. Бид хувьчлалыг үл хүснэ. Уолл-стритийн санхүүчид худалч, шимэгчид. Тэд АНУ-д гай тариад одоо Хятадад хор хөнөөл авчрах  гэж байна” хэмээн хашгирч байв. Хамгаалагчид түүнийг танхимаас гаргасан ба Дэлхийн банкны тэргүүн “энэ залууг “Уолл-стритийг эзлэ” хөдөлгөөний жишээ эзэмджээ” гэж хэллээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж