Өмнөговь аймагт гаж хөгжилтэй 41 хүүхэд төржээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймагт гаж хөгжилтэй 41 хүүхэд төржээ

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын
хэмжээнд төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд төрөх нь ихэссэн. 2005-2008 онд
Эх нялхсын эрдэм шинжилгээний төв  /ЭНЭШТ/-д төрөлхийн гаж хөгжилтэй 78
хүүхэд мэс засал хийлгэжээ. Энэ жил энэ тоо 200 хүрсэн гэсэн судалгаа
байна.  Мөн өнгөрсөн онд тус эмнэлгийн эмч нарын судалгаагаар 1000 амьд
төрөлтийн хоёр нь гаж хөгжилтэй төрж байна гэсэн дүн гарчээ. Төрөлхийн
гаж төрөлттэй хүүхдийн өвчлөлийн  нөлөөллийг судлах  зорилгоор ажлын
хэсэг байгуулж ажилласан. Мөнгөн ус илэрсэн Өмнөговь аймгийн таван
суманд  хоёрдугаар сарын 21-ээс энэ сарын 12-нд Эрүүл мэндийн яамны
ажлын хэсэг ажиллаад ирсэн байна. Бид тус аймагт ажилласан Нийгмийн
эрүүл мэндийн газрын Хор судлалын төвийн захирал С.Өнөрсайханаас
судалгааны талаар тодруулав.

-Өмнөговь аймгийн хэдэн суманд судал­гаа, шинжилгээ хийсэн бэ?

-Өмнөговь аймгийн таван суманд ажилласан ажлын хэсэг 57 хүүхэд, 363
хүнийг үзлэгт хамруулсан. Цогт-Овоо сумын 0-5 насны 12 хүүхэд, 78 хүн,
Даланзадгад сумын  27 хүүхэд, 17 том хүн, Хүрмэн сумын зургаан хүүхэд,
36 хүнийг үзлэгт оруулсан. Мөн Ханбогд сумын 0-5 насны долоон хүүхэд, 69
хүн, Манлай сумын  долоон хүүхэд , 62 хүнийг тус тус хамруулсан. Нийт
420 хүнээс 1410 дээж цуглуулсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  арьс, хорд­лого, мэдрэл, эмэгтэйчүүд,
хүүхдийн эмч, судалгааны лабораторийн эмч нар ажилласан.  Бид мөнгөн
усны тархалтын хэмжээг биш 2004-2011 онд төрсөн  гаж төрөлттэй  хүүхдэд
мөнгө ус нөлөөлж үү гэдгийг судлах зорилготой ажилласан.

-Нөхцөл байдал ямар байна вэ. Төрөлхийн гаж хөгжилтэй хэдэн хүүхэд байна?

-Өмнөговь аймагт 2004-2011  онд төрөлхийн гаж хөгжилтэй 41 хүүхэд
төрснөөс 16 нь амьд байгаа. Бид хүүхдүүд, тэдний эцэг эх болон нас
барсан хүүхдүүдийн эцэг эхээс шинжилгээ авсан.

-Хүүхдүүд ямар төрлийн гажиг хөг­жилтэй байна вэ?

-Олон төрлийн гажигтай байна. Жишээлбэл зүрх, амьсгалын эрхтэн, уруул
тагнайн га­жиг, бөөрний гажиг, баруун чихний дэлбээ хөгжөөгүй гэх мэт
гажиг хөгжилтэй хүүхэд байсан.

-Газар нутгийнх нь хөрсийг бас шинжилж үзэв үү?

-Сумдын мэргэжлийн хяналтын байцаагч нарын тусламжтай агаарын гурав,
хөрсний 12, усны 10 нийт 25 дээжийг авсан. Авсан дээжийг мөн судална.

-Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-Бид иргэдээс авсан шинжилгээг  Хор судлалын  лабораторид боловсруулж
эхэлсэн. Эцсийн хариу зургадугаар сард гарах төлөвлөгөөтэй байна.
Шинжилгээний хариу гарахаар албан ёсоор мэдээлэх болно.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж