”Транс” банкныхан хэргээс мултрах гэж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

”Транс” банкныхан хэргээс мултрах гэж байна

"Транс" банкныхан бусдыг гүтгэх замаар хэргээс мултрах гэж байна

Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх
захирал асан А.Е.Новожилов эрүүгийн хэрэгт татагдан Чингэлтэй дүүргийн 
анхан  шатны шүүхээс оргон зайлснаас хойш тус банктай холбоотой мэдээлэл
олон нийтийн анхаарал татах болсон. Тус банкны гүйцэтгэх захирал асан
А.Е.Новожиловоос гадна хувь эзэмшигч Д.Энхтайван Монголбанкны зарим
албан тушаалтантай хамтарч хууль бусаар шийдвэр гарган банкнаас мөнгө
завших оролдлого хийсэн  талаархи мэдээллийг тус банкны 51 хувийг 
эзэмшигч “Инфрастракчер” ХХК-ны гүйцэтгэх захирал Р.Батрагчаа өгч байна.
Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.


-Тээвэр хөгжлийн банкны  хувь нийлүүлэгчтэй холбоотой хууль зөрчсөн үйлдлүүд бий гэсэн. Энэ талаархи мэдээллийг тодруулаач?

-Сүүлийн үед хэвлэл мэдээллээр Тээвэр хөгжлийн банктай холбоотой, тэр
дундаа Швейцарь улсын иргэн Армин Виедеркерийн талаархи гүтгэлгийн шинж
чанартай захиалгат мэдээллүүд их цацагдах боллоо. Тухайлбал, Тээвэр
хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожилов,  хувь нийлүүлэгч
Армин Виедеркер анхнаасаа уг банкийг луйвардах, мөнгө угаах зорилгоор
банкинд хувь нийлүүлсэн. Улмаар банкны бүх мөнгийг луйвардаж алга болсон
гэх мэдээллийг захиалгаар  Монголбанкны Лондон дахь  төлөөлөгч,
Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхжаргалын төрсөн
ах  Д.Энхтайван хэвлэлээр маш олон давтамжтайгаар цацах болсон. Худал
үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг ойр ойрхон хэвлэл мэдээллийн
хэрэгсэл ашиглан ард түмний тархийг угаах гэж оролдож байна. Иймд 
энэхүү ташаа мэдээллийг няцаах үүднээс бид хэвлэл мэдээллийнхэнд хандаж
байгаа юм. Одоогоос  долоон жилийн өмнө буюу 2004 оны дөрөвдүгээр сарын
08-ны өдөр Монгол банкны Ерөнхийлөгчийн 200 тоот тушаал гарсан юм. Уг
тушаалд 2006 оны гуравдугаар сарын 31-ны дотор банкны дүрмийн сангийн
доод хэмжээг найман тэрбум төгрөг болгох тухай заасан байдаг. Тэдэнд
тухайн үед дүрмийн сангийн доод хэмжээнд хүргэхийн тулд дөрвөн тэрбумыг
олох шаардлага тулгарсан. Уг нэмэгдүүлээд буй дөрвөн тэрбум төгрөг
байхгүй учраас хөрөнгө оруулагч нарыг эрчтэй хайж байсан юм билээ.
Ингээд банкны хувь нийлүүлэгч Д.Энхтайваны төрсөн дүү Д.Энхжаргал 2006
оны гуравдугаар сард Монголбанкны Лондон дахь төлөөлөгч байхдаа албан
тушаалаа урвуулан ашиглаж, Швейцарь улсын иргэн Армин Виедеркертэй
холбогдсон юм. Д.Энхжаргалд 2006 оны гуравдугаар 31-нээс өмнө хөрөнгө
оруулагч олохгүй бол банкийг нь Монголбанкнаас татан буулгачих аюултай
тэрхүү торгон мөчид Арминыг Тээвэр хөгжлийн банкинд хөрөнгө оруулахыг
гуйж, өөрийгөө тун удахгүй Монголбанкны ерөн­хийлөгч болох гэж байгаа
мэтээр ойлгуулан, өөрөөрөө батал­гаа гаргаж байж итгэлийг нь олсон.
Түүнийг Монгол Улсад, тэр дундаа “Инфрастрачкер” ХХК-аар дамжуулан
Тээвэр хөгжлийн  банкинд хөрөнгө оруулагчаар анх татан оруулж ирсэн юм
байна лээ. Ингэхдээ Д.Энхжаргалын заавраар Армин Виедеркер
“Инфрастракчер” ББСБ ХХК-нд хөрөнгө оруулан, Д.Энхжаргалын боловсруулсан
гэрээ буюу “Тээвэр хөгжлийн банкны дүрмийн санг нэмэгдүүлэх тухай
гэрээ” гэгчийг “Инфрастракчер” ББСБ ХХК “Транс” банктай 2006 оны
гуравдугаар сарын 31-нээс хоёр өдрийн өмнө  үзэглэсэн байдаг юм билээ.
Яг үнэндээ бол Армин Виедеркер “Инфрастракчер” ББСБ ХХК-ыг төлөөлөх ямар
ч эрх, үүрэггүй этгээд. Угаасаа энэ гэрээ Монголбанкинд л зориулж
хийсэн дүр үзүүлсэн гэрээ  юм. Яагаад гэвэл хоёр хоног өнгөрөх юм бол уг
банкийг Монголбанкнаас татан буулгачих аюул нүүрлээд байсан үе. Гэтэл
тэд 2006 оны гуравдугаар сарын 27-ны өдөр эцсийн байдлаар тохироод
байсан юм билээ. Тэгээд л хууль ёсоор “Инфрастракчер” ББСБ ХХК 2006 оны
арван нэгдүгээр сарын 08-ны өдөр Тээвэр хөгжлийн  банкны 51 хувийн
хувьцаа эзэмшигч болсон түүхтэй.


-Тэгэхээр Тээвэр хөгжлийн  банкны хувь нийлүүлэгч Армин Виедердер тус
банкны захирал асан А.Е.Новожиловтой нийлж мөнгө угаасан, мөнгө завшсан
гэдэг мэдээллийг хэн нэгэн этгээд зохиомлоор тараасан гэж үзэж байна уу.
Яг бодит баримт дээр түшиглэн мэдээлэл  өгөөч?

-Армин Виедеркерийн мөнгө угаасан, интерполоор эрэн сурвалжилж байгаа
гэдэг худал мэдээллийг олон нийтэд тарааж байгаа нь Тээвэр хөгжлийн
банкны хувь нийлүүлэгч Д.Энхтайван нарын нөхдүүд банкны хувьцаа
эзэмшигчдийн мөнгийг үрэн таран хийснээ нуун далдлах зорилгоор хийж буй
үйлдэл гэж хардахаас өөр арга алга. Тодорхой баримт дурдвал  Д.Энхтайван
нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр 101 тоот хувь
нийлүүлэгчийн шийдвэр гэгч зүйлийг Монгол­банкны шууд оролцоотой
хуурам­чаар үйлдэн банкны үл хөдлөх эд хөрөнгийг бусдад зарах болсон. Эл
хуурамч шийдвэрт Монголбанкны хянан шалгагч Б.Оюунцацрал гарын үсэг
зурж баталгаажуулсан нь Монголбанк Д.Энхтайван, түү­ний төрсөн дүү
Д.Энхжаргалтай нийлж банкны хөрөнгийг завших гэсэн оролдлого гэж би
ойлгож байна. Мөн саяхан та бүхний сайн мэдэх “Говь Урал”-тай холбоотой
800 мянган ам.долларын асуудал бий. Тэд зээлийн барьцаагаа чөлөө­лүүлэх
гэж шилжүүлсэн 800 мянган ам.долларыг бусад зүйлд ашиглан, өөрөөр
хэлбэл, бусад зээлийн өр төлбөрийг хаасан байдаг. Уг асуудалд
Д.Энхтайваныг цагдаагийнхан  шалгаж эхлэхээр дээрх мөнгийг буцаан
шилжүүлсэн байх жишээтэй. Энэ буцаалтыг зөвхөн Монголбанкны хянан
шалгаг­чийн зөвшөөрлөөр шилжүү­лэх ёстой. Тэгэхээр эцэст нь хэлэхэд
“Транс” банкны гүйцэтгэх захирал А.Е.Новожиловын хэрэгт гэмгүй, ямар
нэгэн хууль зөрчөөгүй Арминыг холбон буруутгах гэсэн оролдлого нь тэр
хүний Тээвэр хөгжлийн банкинд оруулсан хөрөнгийг дээрэмдэн авах гэсэн
зорилго агуулсан нь тэдний хийсэн олон үйлдлүүдээс харагдаж байгаа юм.


Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж