Бахрейн: Иран vs Саудын араб

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Бахрейн: Иран vs Саудын араб


Ливийн дайны эхэн үеэс Муаммар Каддафи улс оронд нь болж байгаа иргэний дайн зөвхөн дотоодын хэрэг явдал биш хэмээн зарлаж байсан билээ. Он удаан жил ганцаар захирах ёсыг тогтоож ирсэн түүний засаглалыг унагаахад чиглэсэн босогчдын тэмцэл нь Каддафитай хийсэн иргэдийн тэмцэл болохоос бидэнд хамааралгүй гэх хандлагыг арбаын орнууд гаргаж байсан юм. Тэгэхдээ ил талдаа шүү дээ.

Харин тэд өрнөдийнхний санаачилсан  Ливийн агаарын зайд хориг тавих тогтоолыг дэмжсэнээс харахад бас ч зүгээр суух гээгүй байсан мэт. Тэгвэл Ливийг бодвол  арлын орон шиг жижигхэн Бахрейнийн дотоодод үймээн гармагц Арабын орнууд маш хурдан “реакцалсан” нь ямар учиртай юм бол гэдэг асуулт гарч ирэв.

 Өнгөц харахад Арабын орнуудын нийслэлүүдэд сүүлийн үед бараг л “мода” болон гарч байгаа бослого тэмцэлтэй адилаар залуусын бослого, ажилчин анги болон эмэгтэйчүүдийн илүү эрх эдлэх хүсэл тэмүүллийн илэрхийлэл болон гарсан тэмцэл мэт санагдаж байв. Гэтэл тийм байсангүй. Барагтайд дууга­раад байдаггүй Арабын ор­нуудад Бахрейнийн үймээн самуун тун хүчтэй “реакц” өгөх шиг болов.

Тэд зүгээр ч нэг “цоч­сонгүй”,  тэр дор нь Булан­гийн орнуудаас цэрэг та­тан арбаын ертөнцийн геопо­­литик дахь томоохон тог­логчид болох Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират улсаас зэвсэг техникийн цуваа илгээсэн билээ.

Мэдээж жижигхэн ч гэсэн Бахрейн бол Арабын хаант засаглалтай орнуудын уулзварт байдаг, мөн тэндээ газрын тосны чухал орд газар болдог гэдгээрээ анхаарал татах нь дамжиггүй. Мөн энэ улсад АНУ-ын тэнгисийн цэргийн 5-р флот ч байрлаж байгаа ба арабын орнуудын багагүй хөрөнгө байршиж байгаа санхүүгийн төвлөрөл ч бас бий.

Гэхдээ энэ бүхний хажуугаар нэгэн чухал онцлог байгаа нь Бахрейн бол исламын ертөнцийн хоёр том гүрэн болох Иран болоод Саудын Арабын маргаан сөргөлдөөний гол цэг болж байгаа явдал юм. Энэ дүгнэлтийг хийж байгаа өрнөдийн ажиглагчид дээрхи хоёр исламын ертөнцийн гүрнүүд өнгөрсөн оны эцсээс өдийг хүртэл дуу дуугаа авалцан гарч байсан арабын ертөнц дэх үймээн самуун, бослого тэмцлийн дунд өөр өөрийн нөлөөллийг илүүтэй байлгах гэж сөргөлдсөөр ирсэн гэж үзэж байгаа юм. Тэгвэл Бахрейн улс өнөөдөр исламын суннит болон шиит хэмээх үл эвлэрэх хоёр урсгалын гол төлөөллүүдийн өрсөлдөх талбар болон хувираад байгаа юм.

Бахрейнийн вант улсын төр засгийн эрх барьж байгаа  Аль- Халифагийн гэр бүл буюу суннитийн урсгалын элит төлөөллийг Саудын Арабын хааны удам угсааныхан илтэд дэмжиж байгаа бол бослого тэмцлийн гол хүч болох Бахрейн дахь мусульман иргэдийн дунд олонхи нь болж байдаг шиитүүдийг Тегераны эрх баригчид далдуур дэмжиж байгаа билээ. Хэдийгээр сөргөлдөөний талбар дээр байгаагаа дээрхи хоёр исламын гүрнүүд мэдэж байсан ч магадгүй иранчууд өрсөлдөгчийнхөө хийсэн гэнэтийн шийдмэг алхмыг хүлээж байгаагүй бололтой.

Саудын Араб улс бослого тэмцэл ширүүсч эхэлмэгц буюу гурван өдрийн өмнө Бахрейнд өөрийн цэрэг болон байлдааны хуягт тээвэрлэгчийн урт цувааг оруулж ирсэн билээ. Энэ нь босогчдын уур хилэнг бадрааж тэдний сүрт жагсаал нийслэл Манама дахь Саудын Арабын ЭСЯ-ны хаалгыг хүртэл үргэлжилж улмаар ширүүн мөргөлдөөн болсон байна. Мөргөлдөөний үеэр хоёр ч хүн алагдаж, хоёр зуу гаруй хүн шархадсан ч тэмцэл улам ширүүсэн үргэлжилсээр байв.

Харин өрсөлдөгчийнх нь энэ гэнэтийн алхам Ираны зүгээс босогчдыг дэмжих бололцоонд нь хаалт болж байгаа хэмээн өрнөдийн хэвлэлд бичиж байна.  Ямар ч болов Иран улс Саудын Арабын энэ үйлдэлд дургүйцэж байгаагаа илэрхийлсэн алхмуудыг хийж эхэлсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Олон улсын хувьд нээлттэй хийсэн эхний алхам нь уржигдар Ираны Засгийн газраас Швейцарь улсын төлөөлөл болон Саудын Арабын  элчин сайдыг дуудан уулзаж тайлбар өгөхийг шаардсан явдал болов. Швейцарь нь АНУ-ын өмнөөс Тегеранд дипломат зочлолт хийж яваа тул ийнхүү дуудагдсан байна. Дуудах болсны шалтгаан нь Иран улс Бахрейнд Саудын Арабын цэрэг орсон явдлын ард АНУ байгаа хэмээн хардаж энэ талаар тайлбар авах гэсэн санаа байжээ. Хэдийгээр дорвитой тайлбар аваагүй ч ерөнхийдөө харин ч нэг зүйлд Тегераны эрх баригчид тун олзуурхаж байгаа бололтой байна. Энэ нь АНУ болон Ираны харилцаа сүүлийн үед туйлын “хүйтэн” байгаа ч Бахрейны бослогыг хүч хэрэглэн тэр дундаа гадаадын цэргийн хүчээр даран мохоох гэсэн оролдлогыг буруутгаж байгаа тухайд хоёр улс нэг бодолтой байгаа гэнэ.

Тэр тусмаа  АНУ Бахрейнийн вангийн зүгээс гаргасан хэгжүүн ааш занд эгдүүцэж байгаа энэ үед ( АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны энэ долоо хоногт уулзахыг хүссэн урилгад татгалзсан хариу өгсөн билээ) Саудын Арабын “интервенцийг” зохисгүй зүйл гэж буруутгах нь Ираны зүгээс байсан ч тэр америкчуудын хувьд санал нийлэх санаа бодол хэмээн хүлээж авахаар нөхцөл үүсчээ.

Харин Саудын Арабын хувьд Ираны гол төлөөлөл нь болдог шиитүүд зонхилсон Бахрейнийн суннитийн сурвалжтануудын толгойлсон төр засгийг нь цэргийн хүчээр ч болов хамгаалах нь чухал гэж тооцож байгаа юм. Ингэх нь Булангийн орнуудын тогтоон барьж байгаа бүс нутгийн нь улс төрийн “хүлэмжинд” Ираны зүгээс элдэв “хорт ургамал тарихыг” оролдоход нь саад хийж байгаа үйлдэл гэж үзэж байгаа аж.

Бахрейнд булангийн орнуудын цэрэг орсон хэдий ч нэгэнт тус улсын иргэдийн зонхилох хэсэг нь шиитийн урсгалыг төлөөлж байдаг тул нөхцөл байдал хүчний хувьд хаашаа эргэхийг урьдчилж таахад бэрх байгаа юм. Яагаад гэвэл Бахрейн бол Ливи биш, тэр тусмаа Египет бол бүүр ч биш гэнэ. Энд асуудал илүү төвөгтэй, илүү бэрх болж байгаа аж..

-Мусульман шашны ертөнц нь зонхилогч хоёр урсгалд хуваагдсаар ирсэн юм.
Үүнд суннит болон шиитийн урсгал гэж хоёр хуваагдах болсооср удаж байна.
Хэдийгээр энэ хоёр урсгал мусульман шашинтнуудыг хэрхэн хувааж байдгийг
яг таг гаргах боломжгүй ч ойролцоо тоо бол бий.

 Суннитийн урсгалыг баримтлагч нь мусульманчууд дотроо зонхилох шинжтэй
бөгөөд ойролцоогоор нийт мусульман шашинтнуудын 70-80 хувийг эзэлдэг
аж.Суннитийн урсгалыг баримтлагчид Зүүн өмнөд Азийн орнууд, Хятад, Зүүн
Ази болон Африк мөн арабын зарим орнуудад зонхилон амьдарч байна.

Харин шиитүүд нь мусульманы ертөнцөд цөөнх болж байдаг бөгөөд нийт
шүтлэгтнүүдийн 20-35 хувь орчим болж байгаа аж. Энэ нь нийтдээ 265-аас
400 орчим сая хүн гэсэн үг. Хамгийн томоохон төлөөлөл нь 60 сая хүн
амтай Иран улс болж байна. Мөн Энэтхэг болон Иракт шиитүүд олноороо
амьдардаг юм байна. Үүний зэрэгцээ Пакистанаас Ливан хүртэлхи уудам
нутаг орныг дамжсан улсуудад ч шийтүүд амьдарсаар иржээ.

Харамсалтай нь суннит болон шиитийн төлөөллүүдийн хооронд байнгын тэмцэл
байсаар энэ зууныг хүрсэн бөгөөд өнөөгийн ертөнц тэдний бие биенийхээ
эсрэг хийсэн олон эмгэнэлт үйл ажиллагааны гэрч болсоор ирсэн билээ.

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж