АН-ын 4:11 уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

АН-ын 4:11 уулзалт боллоо

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар өнөөдөр сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригийн өглөөний 11.00 цагт сэтгүүлчидтэй хийдэг уламжлалт 4:11 уулзалтаа зохион байгуулав.

Энэ удаагийн уулзалтын үндсэн гол сэдэв Засгийн газраас зарласан зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл, Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийн асуудал болов.

Н.Алтанхуяг даргын хэлснээр АН Засгийн газраас гараад 40 хонож буй. Энэ хугацаанд Засгийн галыг манаж үлдсэн МАН-ынхан өнгөрсөн гурван жил илүүгийн хугацаанд хийсэн сайн бүрийг өөртөө хамаатуулж, муу болгоныг АН-ынх мэтээр ярих болсон гэлээ. Бага, дунд иргэдэд зориулсан зургаан хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай орон сууцны зээлийн асуудлыг МАН-ынхан сар шинийн өмнөхөн ярьж эхэлсэн. Гэвч уг 138 дугаар тогтоол хамтарсан Засгийн газрын үед 2011 оны дөрөвдүгээр сарын 27-нд батлагдсан, сая зөвхөн журам л ярьсан. Анх 50 м/кв-аас дээшгүй талбайтай сууц гэж байсныг сая 55 м/кв-аас илүүгүй болгосон, мөн хүүхдийн тоо заагаагүй байсныг 0-16 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэж оруулсан нь шинэ сайд Ц.Дашдорж Засгийн газрын тогтоолыг гажуудуулсан асуудал болсон гэж байлаа. Ингэснээр нийгэмд ялгаварал үүсгэж нэг, хоёр, гурван хүүхэдтэй, эсвэл хүүхэдгүй залуу гэр бүлийг ялгасан хэрэг болсон гэв. Түүнээс болж хөдөө орон нутгийн дөрвөөс дээш хүүхэдтэй өрхүүд нийслэлд шилжин очвол зээлд хамрагдаж болно гэсэн буруу ойлголт ч гараад байгаа гэнэ.

Мөн өрхийн сарын дундаж орлого 70 мянган төгрөг байна гэсэн нь бага, дунд орлоготой иргэдийн “стандарт”-ад тохирч байна уу гэсэн асуудлыг АН-ын удирдлагууд сөхлөө. Хэрэв бага, дунд орлоготой иргэдийн сарын дундаж цалин 70 мянга болчихсон юм бол Монголд ядуурлын төвшин 35-40 хувьтай гэдэг нь эргэлзээтэй тоо гэсэн юм.

Мөн зээлд хамрагдах орон сууцны барилгын компаниудын жагсаалт  гарсанд Л.Гантөмөр гишүүн эргэлзэж байлаа. Хамгийн хямд өртгөөр орон сууц барьдаг компаниудыг шалгаруулалгүйгээр ямар шалгуураар тэдгээр компанийг жагсаасан нь “но”-той гэж байв. Ингэснээр барилгын компаниудад шахааны бизнес дэлгэрч, үнэ өсч,  70 сая төгрөгийн байрыг 50 саяын зээлд “шахаж” зөрүү 20 сая төгрөгийг иргэд төлөх хэрэгтэй болно. Харин хямд өртөгтэй сууц барьдаг компаниудыг шалгаруулбал байрны үнэ буурна. Гол нь зээл анх удаа орон сууцны зээл хүссэн иргэдэд олгогдох ёстой. Нэг хоёр сууцтай хүн гурав, дөрөв дэх сууцаа хямд зээлээр авах боломжийг хаах ёстой гэж Л.Гантөмөр гишүүн хэлсэн юм.

Иргэний цахим үнэмлэх олгох ажил удааширч буйг анхаарч энэ сэдвийг долоо хоног бүр сануулах болно гэдгээ АН-ын дарга Н.Алтанхуяг хэллээ. УБЕГ-ын дарга Б.Мөнхбаатар УИХ-д өрсөлдөхөөр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд ажлаа өгсөн. Түүнээс хойш хоёр орлогчийн нэгээр даргын үүрэг гүйцэтгүүлэхээр ярьж байсан ч МАН-ын нарийн бичгийн дарга С.Амарсанааг тавьсан нь иргэний бүртгэлийг будилуулах, долдугаар сарын 1-нийг санагалзах маягийн үйл ажиллагаа болж буйг Н.Алтанхуяг дарга хэллээ. Цахим үнэмлэхийг саатуулах санаа байгаа бол ил тод мэдэгдэх ёстой гэсний дагуу УБЕГ-аас хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна лээ гэв. “АН Засгаас гарснаас болж цахим үнэмлэх бүтэхгүй нь гэсэн үг яриатай сайд Засгийн газарт байгаа нь харамсалтай. Энэ бол ноцтой зүйл” гэж АН-ын дарга хэлсэн юм.

“Хамтарсан Засгийн газрын хамгийн гол ажил нь долдугаар сарын 1-нийг давтахгүй байж иргэний бүртгэлээ цэгцэлье гэсэн. Гэтэл МАН дургүйд хүчгүй болоод байна. Иймд сайдыг /Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж/ зайлуулах ёстой. Хэрэв сонгуулийн будилааныг давтана гэвэл Засгийн газар ч огцрох ёстой” гэж тэрбээр хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиар иргэний үнэмлэхэд бахиар тэмдэг тавьсны хүчинд сонгуулийн дүн шударга гарсныг дурдав. “Ерөөсөө цахим үнэмлэхийг саатуулж, сонгуулийг будилаантуулах гэсэн, энэ ажлыг авсан хүмүүс ажил бүтэхгүй гэсэн утгатай бичгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад илгээсэн. Ц.Нямдорж сайд ажлаа хий. Чадахгүй бол боль.Хийхгүй байх санаа давамгайлж байна” гэж АН-ын удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэллээ.

Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр “Ард түмний эсрэг буу хэрэглэнэ гэсэн сайд байна. Ерөнхий сайд энэ хүний ажлыг цэгцлэх хэрэгтэй. МАН-ын давуу тал бол бүх шатанд төрөөр дамжсан удирдлагын сүлжээ юм. Шат шатанд нэр дэвших сонирхолтой хүмүүс байна. Цахим үнэмлэх тарааж амжихгүй бол УИХ-ын гишүүн гэж энд суух хэрэгтэй юү, үгүй юү. АН-ын бүлэг үлдсэн хугацаанд байх уу, үгүй юү” гэсэн хатуу байр суурь илэрхийлэв.

Ямар боловч энэ асуудлыг долоо хоног бүр бүлгийн хурлаараа сануулсаар байх болно, бүр нээлттэй хэлбэрээр хуралдана гэдгээ ч илэрхийллээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж