Тэмдэгтийн хураамж улстөрийн шоу юу?

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Тэмдэгтийн хураамж улстөрийн шоу юу?

Сонгуулийн сунгаа ойртож, сонгогчдын хариуцлага тооцох хугацаа дөтлөх тусам парламентын гишүүд гар өргөн дэмжиж, баталсан хуулиа “мяалдаг” болов. Нэг хэсэг парламентад “Намайг байхгүйд энэ хуулийг баталчихсан. Хэрвээ би байсан бол яагаад ч энэ төслийг дэмжихгүй,  унагаах байсан” гэх үг моод болсон бол одоо “Би ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нь ороогүй, өөр төсөл дээр ажиллаж байсан юм.  УИХ-аар хуулийг батлах үед тухайн төсөл дээр ажилласан ажлын хэсгийнхнийг харж байгаад гар өргөчихсөн. Дотор нь найман нэрийн барааны дэлгүүрт олгох тусгай зөвшөөрлийг 10 сая төгрөгөөр олгоно гэсэн заалт байгааг мэдээгүй” гэдэг боллоо.  Хэлсэн үгийнхээ баталгаа ч болгож, эрхэм гишүүн УИХ-ын намрын чуулганаар баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар санаа шулуудан, төсөл боловсруулаад байна. Атаархмаар юм шүү, УИХ-ын гишүүн хууль батлах эрхтэй болохоос биш хэрэгжүүлэгч нь биш. Тиймээс өөртөө таалагдахгүй хууль парламентаар батлагдангуут түүнийхээ эсрэг хуулийн төсөл боловсруулаад, суух эрх бүрэн нээлттэй байна. Хоншоор нь хүрвэл бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд өөрийнхөө автортой хэчнээн ч хууль баталж, өөрийн эрх ашигт нийцүүлж болно. Сонирхлын зөрчлийг зохицуулах хууль Монголд өнөөдөр үйлчлэхгүй байгаа юм чинь, яах юм.

Уг нь УИХ-ын намрын чуулганаар Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүд Сангийн сайд руу мөн ч олон давшилсансан. “Төсвийн орлогыг бүрдүүлэх нэрийн дор Сангийн сайд гуай битгий ард түмнээ мөлжөөд байгаарай. Нас барсан хүний бүртгэлийг хийлгэхэд 300 төгрөгийн хураамжийг ар гэрийнх нь төлөх нь. Иргэний үнэмлэхээ үрэгдүүлээд дахин авахад төлбөр нь одоогийнхоос хоёр дахин өсөх нь. Архи худалдах зөвшөөрлийг 10 сая төгрөгөөр олгоно гэвэл шагийн архи газар сайгүй худалдаалагдаж эхлэх юм болно шүү” гэж УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Д.Оюунхорол нар удаа дараа анхааруулж байв. Тухайн үед Төсвийн байнгын хорооны дарга байсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн найман барааны дэлгүүрт олгох тусгай зөвшөөрөл хуучин 16500 төгрөг байсныг ямар үндэслэлээр арван сая төгрөг болгон нэмэгдүүлсний учрыг тайлбарлаж л суусан. Хотын гэр хороололд тэр дундаа зах газруудад архи, согтууруулах ундааг хэмжээ хязгааргүй,  цаг харгалзахгүй худалдаж, насанд хүрээгүй хүүхэд авъя гэхэд худалдагч нь орлогоо бодоод өгчих” гаж үзэгдэл газар авч байгаа учраас, эмх журманд оруулах ёстой хэмээн үзэж, энэ төрлийн тусгай зөвшөөрлийн мөнгөн дүнг нэмэгдүүлэхээр болсон. Монгол Улс архинд живэх нь байна шүү дээ” гэж тайлбарлаж байв. Харин шатахуун түгээх станц ажиллуулах тусгай зөвшөөрлийн эрхийг 11 сая төгрөгөөр тогтоосон байсныг газар нутгаас нь хамаарч, ялгавартай тогтоохоор болж, ажлын хэсгийн хуралдаанаар өөрчилсөн тухай мөн сануулж л байсан.

Учир нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд шатахуун түгээх станц ажиллуулах эрх авахад улсад 11 сая төгрөг төлнө гэсэн байжээ. Алс бөглүү хязгаар нутгийн суманд шатахуун түгээх станц ажиллуулах эрх авахын тулд 11 сая төгрөг төлөх чинээлэг иргэн байхгүй, нөгөөтэйгүүр, төвлөрсөн газартай ижил хэмжээнд борлуулалт хийж чадахгүй  тул газар нутгийнх нь байрлалыг харгалзан үзэж, нэг сая төгрөг болгон бууруулахаар болж, тусгасныг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээж байсан билээ. Яг үүнтэй адил хууль батлагдахаас өмнө одоо яриад буй  үндэслэлүүд болох найман нэрийн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг газар нутгийнх нь байршлаас хамаарч, хураамжийг нь ялгавартай тогтооё гэж хэлсэн бол  өнөөдөр олон нийтээс “Улсын тэмдэгтийн хураамжаар улстөрийн шоу хийж эхэллээ” гэх шүүмжлэлээс холуур өнгөрөх байсан болов уу.

Тэмдэгтийн хураамжийг өөрчлөх болов уу?

Улстөрчдийн шоу, урт нэртэй хуулиар зогсохгүй Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг өөрчлөх хоёр дахь давалгаагаар үргэлжлэх нь гэсэн хатуухан шүүмжлэлтэй тулгарч байгаа ч, бизнес эрхлэгчдийн хувьд “Өөрчлөөсэй, болж өгвөл хугацаа алдахгүй хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлэх шаардлагатай” хэмээн үзэж буй юм. Тиймээс Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төсөл хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд УИХ-д өргөн мэдүүлэгдэх чигтэй байна. Гэхдээ бас төслөөр Засгийн газраас санал авах учиртай. Хэрэв Засгийн газар дэмжээд, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд эхний ээлжинд тусгалаа олчихвол бизнес эрхлэгчдийн хувьд хүлээлт үүсгээд байгаа олон проблемтай асуудлууд шийдвэрлэгдэж мэдэх юм. Учир нь одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд 51 хуульд тусгагдсан 701 төрлийн төрийн үйлчилгээнээс төр тэмдэгтийн хураамж аваад байна.  Тодруулбал, тусгай зөвшөөрөлтэй, баар ажиллуулдаг бол 20 сая төгрөг төлөөд 00.00 цаг хүртэл, 50 сая төгрөгийн хураамж төлөөд 04.00 цаг хүртэл ажиллуулах эрх авна. Спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжийг 200 сая төгрөгөөр олгоно. Харин компани, нөхөрлөл байгуулж,улсын бүртгэлд бүртгүүлэхэд 10 мянган төгрөг төлдөг байсан бол шинэ хуулиар 22 мянга болж нэмэгдэж, нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 1.000.000, телевизийн нэвтрүүлгийг нэвтрүүлэх, дамжуулах үйлчилгээ эрхлэхэд 1.500.000, кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэхэд 2.000.000 төгрөг, интернэтийн үйлчилгээ эрхлэхэд 300.000, мэдээлэл, лавлагааны зориулалттай тусгай дугаарын менежментийн үйлчилгээ эрхлэхэд 2.850.000, гадаад валютын үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 2.000.000, банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500.000, нийгмийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 5.000.000, эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоход 400.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлнө. Мөн Улс төрийн намыг бүртгэж, гэрчилгээ олгоход 150 000 төгрөг, улс төрийн намын нэр сольсныг бүртгэхэд 50 000 төгрөг, шашны байгууллагыг бүртгэж, гэрчилгээ олгоход 200 000 төгрөгийн хураамж төлнө. Мөн банк байгуулах тусгай зөвшөөрөл 1.200.000 төгрөг, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 750.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх болж буй билээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж