Усны хомсдолтой тулгарах нь тодорхой болсон гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Усны хомсдолтой тулгарах нь тодорхой болсон гэв

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Усны газарт өчигдөр "Устай ярилцъя" сэдэвт зөвлөгөөн, "Ус-Хүний эрх" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хийлээ. Зөвлөгөөнд усны салбарын мэргэжлийн байгууллагууд оролцож, усны ашиглалт, нөөцийн талаарх судалгаа шинжилгээний ажлуудыг танилцуулан, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Зөвлөгөөнд оролцогсод “Дэлхий нийтэд ундны усны хомсдол нүүрлэсэн өнөө үед усны нөөцөөр баялаг гэгддэг Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан усны хомсдолтой тулгарах нь тодорхой боллоо. Ирээдүйд учирч болох энэхүү аюулаас сэргийлэх нэг арга зам нь салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль, тогтоомжийн уялдаа холбоог бэхжүүлэх, хэрэгжилтийг хангах талаар тодорхой санал гаргах явдал” гээд энэ хэлэлцүүлэг ч дээрх зорилгод хүрэхэд чухал ач холбогдолтой гэдгийг хуралдааны эхэнд онцоллоо.

Хүний эрхийн олон улсын эрх зүйд ус нь хүний эрхийн нэгэн адил хамгаалагдсан бөгөөд 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл усаар хангагдах эрх, ариун цэврийн байгууламжийг сайжруулах нь улс орнуудын үүрэг бөгөөд энэхүү үүргийг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд хүлээн зөвшөөрчээ. Иймд улс орон бүр усны нөөцийн нэгдсэн менежменттэй байхыг олон улсын өмнө хүлээж буй. Энэ нь нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжил, хүний амьдралын сайн сайхныг дээд зэргээр хангах зорилгод усны нөөц баялгийг хамгийн зохистойгоор, экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр ашиглах нэгдсэн зохицуулалт хийх явдал аж.

Манай улсын хувьд одоо үйлчилж буй хуулийн хүрээнд дутагдалтай зүйлүүд олон байгаа талаар судлаачид ярьж байна. Хуулийн хариуцлагын хариуцлагын тогтолцоо оновчтой бус, хэрэгждэггүй, хэрэгжих боломж бага, усны тухай хуулийн зөрчилд захиргааны шийтгэл ногдуулах хэлбэр нь хүртэл хязгаарлагдмал, хариуцлагыг сонгож хэрэглэх боломж эрх бүхий албан тушаалтанд олгогдоогүй гэх шүүмжийг тэд хэлж байна. Дээрх нөхцлийг засахын тулд захиргааны шийтгэлийн торгох төрлийг  хэрэглэх бус аж ахуй нэгж, байгууллагын зөрчилд тусгайлан олгосон эрхийг хасах, татан буулгахаар эрх бүхий байгууллагад уламжлах зэрэг шийтгэлийн төрлийг Усны тухай хуульд нэмж оруулах, торгох хариуцлагын хэлбэрийг мөнгөн дүнгээр торгодог хэлбэрээс гадна,  аж ахуй нэгжийг орлогынх нь хувь хэмжээгээр, Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд  дүйцүүлэн торгууль ногдуулах зэргийг нэмж хуульчлах шаардлагатай тухай тэд санууллаа.

Мөн Усны хууль тогтоомж зөрчсөн ч хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулсан хохирол, хуулинд дурьдсан хэмжээнд хүрэхгүй бол хэрэг үүсдэггүй, үлэмж хэмжээний хохирол учруулаагүй бл бол усыг бохирдуулаад байж болохоор байна. Түүнчлэн хүний эрүүл мэнд, байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг тогтоох тогтолцоо, механизм нэг мөр шийдэгдээгүй өнөө үед хуулийн зүйл заалт хэрэгжих нөхцөл тун бага байгааг хууль боловсруулагчдад хүргэх хэрэгтэй гэв.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж