О.Чулуунбат: Би ХХБ-ийг хэнд ч зарах гээгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

О.Чулуунбат: Би ХХБ-ийг хэнд ч зарах гээгүй

УИХ-ын гишүүн О.Чулуунбат ХХБ-ийг Япончуудад зуучилж, 100 сая ам.доллараар худалдах үйл ажиллагаа явуулж байна гэх мэдээлэл хэвлэлээр гараад байгаа. Тиймээс тус банкийг зарах эсэх, зарагдсан тохиолдолд манай улсад ямар үр нөлөөтэй байх талаар УИХ-ын гишүүн О.Чулуунбатаас тодруулсан юм.

-ХХБ-ийг Япончуудын эзэмшилд очих гэж байна. Японы талд зуучлах ажлыг та зохион байгуулж байгаа, ер нь иймэрхүү ажилд гаршсан гэх яриа сүүлийн үед газар аваад байгаа. Энэ талаар тайлбар өгөөч?

-Би тэр талаар сонсоогүй, ХХБ-ны талаар ямар нэг зүйл яриагүй. Хаанаас тийм мэдээлэл гарч байгааг ч би өөрөө гайхаж байна. Итгэхгүй байвал энэ асуудлаар ХХБ-ны хүмүүсээс лавлаад үзээрэй. Эзэд нь тэд болохоос, би биш шүү дээ. Ер нь бол би Монгол Улсын иргэн, хувь хүн учраас ямар нэг төлөвлөгөө байвал түүнийгээ хэрэгжүүлэх эрхтэй. Харин төрийн албан тушаалыг ашиглаад хувьдаа мөнгө хийж байвал, авлига, эсвэл төсвийн мөнгийг хуваарилах замаар хувьдаа мөнгө хийвэл гэмт хэрэг. Надад засгийн ямар ч албан тушаал байхгүй, төсвийн мөнгийг аль нэг тийш хуваарилсан дамжуулсан бизнест энэ амьдралдаа оролцож байгаагүй. Тиймээс намайг хардахын оронд засгийн албан тушаалд байгаа хүмүүс төсвийн хөрөнгөөр юу хийж байна уу гэдгийг л хянах хэрэгтэй. Тийм болохоор миний юу хийж явах нь тийм юм ярьж яваа хүмүүст ямар хамаа байна. Бид бүгдээрээ л амьдрах гэж оролдож, дор бүрнээ зүтгэж байгаа.

-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын дийлэнх нь гаднын хөрөнгө оруулалттай байдаг. Энэ манайд хэр үр ашигтай байдаг юм бол?

-Ер нь бол гадны хөрөнгө оруулалтыг оруулах хэрэгтэй. Өнөөдөр Монголчуудад мөнгө алга, мөнгөтэй компани ч байхгүй болохоор гадны хөрөнгө оруулалтыг татаж л улсаа хөгжүүлэх хэрэгтэй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон, Солонгос, Европууд энэ л жишгээр хөгжсөн. Эдгээр улсуудад АНУ мөнгөө өгөөд бизнесээ хийхийн хажуугаар тэр орнуудад тус болсон. Солонгосын  дайны дараа АНУ, Япон хоёр Солонгост хөрөнгө оруулсан боловч өнөөдөр Солонгосчууд бүгдийг нь буцаагаад худалдаад авсан. Үүнтэй адилаар Монгол Улсад гаднын мөнгө ороод ирэг, улсаа хөгжүүлээд амьдралаа ч дээшлүүлээд авъя. ХХБ-ны тухайд Монголын зах дээр байр сууриа олсон сайн банк, ялгаагүй дэлхийн зах зээл дээр Монгол Улсаас хүлээн зөвшөөрөгдсөн ганц банк. Монгол Улс, Засгийн газар дэлхийн санхүүгийн зах дээр өөрийн үнэлгээгээ олж аваагүй байхад энэ үнэлгээг ХХБ тодорхойлж байгаа. Уг нь Монголын Засгийн газар аль хэдийнээ дэлхийн зах зээлд гарсан байсан бол хэрэгтэй байсан юм. Манайх шиг эрэсдэлтэй орны Засгийн газрын бонд дэлхийн зах зээл дээр 6-7 хувийн хүүтэй борлогдож байна. Ийм байхад араас нь яваа арилжааны банкууд 0,5-1 хувийн эрсдэл  авдаг. Гэтэл манай Засгийн газар гараагүй болохоор арилжааны банкууд, компаниуд дэлхийн зах зээлд гарахад хүндрэлтэй байна. Нөхцөл байдал ийм байхад ХХБ өөрийн бондыг хоёр удаа дэлхийн зах зээлд зарна гэдэг өндөр үзүүлэлт.

-Хөгжлийн банкны талаар та юу бодож байна. Төрийн мэдлийн учраас дампуурна гэдэг л хардлага хүмүүст их байна?

-Хөгжлийн банк Монгол Улсад хэрэгтэй банк биш. Ямар ч улсыг харж байхад Хөгжлийн банкаар дамжуулаад сайд, дарга нар нь бизнес хийдэг, тэгээд баахан авлигын хэрэг гардаг түүхтэй. Одоо яая гэх вэ, нэгэнт байгуулчихсан учраас харж л байхаас. Харин  Дойче банк, АНУ-ын Голдман Сакс банкны хувьд биднийг голно уу гэхээс бид тэднийг голоод хэрэггүй. Харин ч ороод ирсэнд нь баяр хүргэх ёстой. 

Б.Алтансүх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж