Шинжаанд 80 гаруй уйгурыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Шинжаанд 80 гаруй уйгурыг баривчилжээ

Хятадын Шинжаан -Уйгурын автономит бүсэд өнгөрсөн мягмар гаригт гарсан угсаатан хоорондын мөргөлдөөний үеэр Хятадын цагдаа нар хэдэн арван хүнийг баривчилжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр Кашгар хотоос холгүй орших худалдааны зах дээр хутгаар зэвсэглэсэн этгээдүүд хүмүүс рүү дайрч үймээн дэгдээсэн аж. Үймээний үеэр 12 хүн амиа алдсан гэж Синьхуа агентлаг мэдээлсэн авч Дэлхийн Уйгурын конгрессын дэд Ерөнхийлөгч Омер Канат амиа алдагсдын тоо 16 хүрсэн гэж мэдээлсэн байна. Хятадын хамгийн алслагдсан бөглүү мужид угсаатны цөөнх лалын шашинт Уйгурууд болон эх газраас тэнд очиж суурьшсан Хан үндэст Хятадуудын хооронд зөрчил мөргөлдөөн тасардаггүй аж. Угсаатны хооронд гарсан мөргөлдөөний дараа Хятадын хууль сахиулагчид өргөн хүрээний баривчилгаа явуулж, 80 гаруй хүнийг баривчлан саатуулсан байна. 2009 онд Шинжианьд дэгдсэн Уйгурын эсэргүүцлийн бослого хөдөлгөөний үеэр 200 гаруй хүн амиа алдаж, гэмтэж бэртэгсдийн тоо 1,700 хүрсэн юм. Хятадын алс баруун хязгаар дахь автономит бүсийн есөн сая гаруй хүн амын тэн хагасаас илүү хувийг Хятадаас өөр хэл, соёл, шашинт Уйгурууд эзэлдэг аж. АНУ-д төвтэй Дэлхийн Уйгурын конгрессын дэд Ерөнхийлөгчийн мэдээлснээр тус бүсэд Хятадын аюулаас хамгаалах хүчний баривчилгаа одоо ч үргэлжилж байгаа гэнэ. Мягмар гаригт гарсан угсаатны мөргөлдөөн Кашгарыг Еченьтэй холбох 3.64 тэрбум юанийн 258 км хурдны зам тавих шийдвэр гарснаас болсон гэнэ.

Бээжингийн эрх баригчид Уйгурын зэвсэгт босогчид Туркестаны Исламын хөдөлгөөнтэй холбоо сүлбээтэй гэж сэжиглэдэг байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж