Иран алтаар төлбөр хийхээр болов

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Иран алтаар төлбөр хийхээр болов

Иран газрын тосны худалдааг ам.доллараар хийхээ больж, төлбөрөө алтаар хийх болсон талаар тус улсын мэдээллийн агентлаг мэдээлжээ. АНУ, Европын холбоо Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж, тус улсын эсрэг эдийн засгийн хориг тавьсан нь банкуудын үйл ажиллагааг боомилж эхэлсэн аж. Ираны Төв банкны захирал Махмуд Бахмани газрын тосны худалдааг ямар ч урьдчилгаагүйгээр цул алтаар хийх болсноо мэдэгдсэн байна. Европын холбоо Ираны Төв банкнаас гадна газрын тосны худалдаанд хатуу хориг тавьсан юм. Европын холбооны хориг Ирантай газрын тосны худалдааны гэрээ байгуулсан орнуудын гэрээ дуусахад буюу ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих аж. Ираны газрын тосны экспортын 20 хувь Европын холбооны орнуудад ноогддог юм. АНУ болон Европын холбоо Иранаас газрын тос импортлохоо зогсоосон боловч Ираны газрын тосны хамгийн том хэрэглэгч Хятад, Энэтхэг гэрээгээ цуцлахгүй гэдгээ хатуу мэдэгдсэн билээ. Газрын  тосны нөөцөөр дэлхийд гуравдугаарт бичигддэг Иран худалдааг голдуу ам.доллараар хийдэг байсан аж.

Дубайн Нур Исламик банк өчигдөр Ираны санхүүгийн институттай гэрээгээ цуцалсан талаар мэдэгдсэн нь Ираны эсрэг явуулж буй эдийн засгийн хориг арга хэмжээний нэг хэсэг аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж