Технологийн салбарт анхаарах цаг болсон гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Технологийн салбарт анхаарах цаг болсон гэв

Төрийн ордны их танхимд өчигдөр 850 төлөөлөгч оролцсон “Монголын инженерүүдийн анхдугаар чуулган”-ыг зохион байгууллаа. Монголын эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжилд инженерүүдийн гүйцэтгэж буй үүрэг хариуцлага, инженер бэлтгэх боловсролын тогтолцоо, орчин үеийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой энэ чуулганыг ХХААХҮЯ, БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр ХААИС, МУИС, ТИС хамтран зохион байгуулж, аж үйлдвэрийн болон бусад бүх салбарын инженер, эрдэмтэн судлаачдыг хамруулжээ.

Чуулганд оролцогчид инженерүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг салбар хуралдаануудаар тодорхойлж, санал дүгнэлтээ нэгтгэн гаргасан юм. 

“Сүүлийн үед томоохон төсөл хэрэгжүүлэхэд үндэсний боловсон хүчний хомсдол ажиглагдаж, үйлдвэрлэл дээр ажиллаж буй инженер техникийн ажилтны шилжилт, хөдөлгөөн зөвхөн уул уурхай руу чиглэж байна. Энэ байдлыг цаг алдалгүй засч залруулахгүй бол Монгол Улс зөвхөн уул уурхайн хараат орон болж, нөхөн сэргээгдэх баялгаа боловсруулж нэмүү өртөг шингээж чадахгүйд хүрч мэдэхээр байна. Инженерүүдийг дотооддоо бэлтгээд зогсохгүй бусдын бэлтгэж, төлөвшүүлсэн өндөр мэргэжлийн боловсон хүчнийг өөртөө татах, урвуулах нь чухал. Инженерийн гүйцэтгэх үүрэгт зөв үнэлэмжийг тогтоох ч хэрэгтэй байна. Инженерийн бүтээл нь ихэвчлэн хамтын шийдэл байдаг учраас багаар ажиллах зарчимд үндэслэж, шууд утгаараа шинжлэх ухаан-үйлдвэрлэлийг холбогч гүүр болдог. Инженерийн үйл ажиллагаа нь оюуны асар их ачаалал, санаачлага, сэтгэл зүтгэл шаарддаг. Харин бүтээл нь нүдэнд харагдаж гарт баригдах бодит үр дагаварыг авчирч, нийгмийн хөгжилд хөтлөдөг. Зөв нийгэмд инженерийн үнэлэмж өндөр байдаг. Энэ бүхнийг хүүхэд залуучууддаа ойлгуулж,  өнөөдрийн нийгмийн ухааны боловсрол руу чиглэж байгаа урсгалыг техник технологийн салбарт хандуулах цаг болсон” гэдгийг чуулганд оролцогчид саналлаа.

Чуулганаар Монгол улсад инженерийн боловсон хүчин дутагдалтай байгаа талаар олон баримтыг дурьдсан. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 47,2 мянган инженер, техник технологийн мэргэжилтэнг бэлтгэн гаргасан байна. Улсын хэмжээнд 113 их дээд сургууль, коллеж байгаа боловч төрийн өмчийн сургуулиудийг оруулаад хэдхэн тооны сургуульд л инженер бэлтгэж байгаа нь чамлалттай аж. Энэ асуудлыг боловсролын тогтолцоотой холбон шийдвэрлэх боломжтой гэв.

С.Батболд: Инженерийн үнэлэмжийг өсгөх цаг болсон

Чуулга уулзалтыг нээж Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэн. Түүний хэлсэн үгээс товчилбол,

-Улс орон маань их бүтээн байгуулалтын гараан дээр байгаа үед Монголын инженерүүдийн анхдугаар чуулга уулзалт болж, Засгийн газрын тэргүүний хувьд өндөр ач холбогдол өгч байна. Бидний зорьж буй их бүтээн байгуулалт, ирээдүйн хөгжил дэвшил инженерүүдийн ур ухаан, сэтгэл оюун, хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаалах юм. Бид ойрын 5-10 жилд дэлхийн зах зээлд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч орноос өрсөлдөх чадвартай үйлдвэрлэгч орон болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Хөгжлийн бодлогын чиглэлээр “Монгол Улсыг үйлдвэржүүлэх”, “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх”, “Зөгийн үүр” хөтөлбөр болон “Орон нутагт үйлдвэр хөгжүүлэх чиглэл” зэрэг бодлогын олон баримт бичгийг гаргасан. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчноо шинэчлэн сайжруулах ажлыг ч эрчимтэй хийж байна.

“Үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр эдийн засгийн бүтцэд зарим нааштай хандлага гарч эхэллээ. Тухайлбал боловсруулах аж үйлдвэрийн ДБН-д эзлэх хэмжээ нэмэгдэж, 2010 онд 8.5 хувьд хүрлээ. Уул уурхай, боловсруулах аж үйлдвэрийн салбарын өсөлтийн үр дүнд аж үйлдвэрийн салбар 2010 онд 7.7 хувиар өсч, ДНБ-ий 35.4 хувийг бүрдүүлж байна.  Үүний зэрэгцээ Засгийн газраас олборлох салбарт тулгуурласан эдийн засгаас боловсруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулах, улмаар эдийн засгийг төрөлжүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл баримталж, хөнгөн үйлдвэрийг дэмжиж, шинээр аж үйлдвэрийн томоохон цогцолборуудыг байгуулахыг зорьж байна. Хөгжлийг үйлдвэржилтгүйгээр, үйлдвэржилтийг  техник, технологигүйгээр, техник, технологийг инженергүйгээр авч үзэх боломжгүй. Уул уурхайн томоохон төслүүд, их бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн цогцолборуудыг барьж байгуулахад монгол инженерүүд мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, сэтгэл санааны хувьд бэлэн байх ёстой. Шинэ санаа, шинэ бүтээлийг дэмжих, инженерийн үнэлэмжийг өсгөх, бүтээлийг нь олон нийт болон үйлдвэрлэгчид хүргэх, үзүүлэн таниулахад чиглэсэн ажил үгүйлэгдэж байгааг ч анхаарах ёстой. Монголын инженерүүдийн анхдугаар чуулганаас гарсан зөвлөмж, баримт бичигт туссан асуудал, саналуудыг ажил хэрэг болгох талаар Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллана. Инженерүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанаас гарах шийдвэр, зөвлөмжүүд нь улс орны бүтээн байгуулалтын, өнөөгийн хариуцлагатай үетэй уялдаж нийцнэ гэдэгт итгэж байна гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж