Умард Солонгос цөмийн туршилтаа зогсоов

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Умард Солонгос цөмийн туршилтаа зогсоов

Умард Солонгос АНУ-аас хүнсний тусламж авахын тулд Йонбён дахь холын зайн тусгалт пуужин, цөмийн туршилтаа түр зогсоохоор болжээ. Тус улсын “KCNA” мэдээллийн агентлаг болон АНУ-ын Төрийн департаментаас өчигдөр ингэж мэдээлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Умард Солонгосын шинэ удирдагчийн дээрх шийдвэрийг зөв замд орох эхний алхам гэж сайшаасан байна. Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө түр зогсоох шийдвэр гаргасны хариуд АНУ өлсгөлөнд гуйланчлалд нэрвэгдсэн тус улсын ард иргэдэд 240,000 тонн хүнсний тусламж илгээхээр болж байгаа аж. Хүнсний тусламжид шош, шар буурцаг, ургамлын тос болон шууд хэрэглэх зориулалттай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн оржээ. Хүнсний тусламжийг Умард Солонгосын цэргийнхэн болон элитүүдэд биш, яаралтай тусламж хэрэгтэй нийгмийн эмзэг давхаргын хүмүүст хүргэхэд хяналт тавих тусгай комисс ажиллах юм байна. Харин Умард Солонгос  Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчдэд Йонбён дахь цөмийн туршилтын баазад нэвтэрч, ураны баяжуулалт болон 5-MW цөмийн реакторыг түр зогсоох болсныг нүдээр харахыг зөвшөөрчээ. АНУ-ын тусгай төлөөлөгч Глин Дэвис Бээжинд Умард Солонгосын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээрийн дараа буюу өчигдөр хоёр тал дээрх мэдэгдлийг хийсэн юм. Умард Солонгосын их удирдагч агсан Ким Чен Ир өнгөрсөн арванхоёрдугаар сард таалал төгссөнөөс хойш хоёр орны төлөөлөгчид анх удаа уулзсан нь энэ аж. Өнгөрсөн баасан гаригт өндөрлөсөн уг уулзалтыг Глин Дэвис “бодитой” яриа хэлэлцээр болсон гэж тодорхойлсон юм. Бээжинд болсон уулзалтын дараа Глин Дэвис мөн Өмнөд Солонгос, Японоор дайрч, Умардын асуудлаар албаны хүмүүстэй хэлэлцээ хийсэн аж. Пхеньянь 2005 онд зургаан талт хэлэлцээгээр гадаад улстай эдийн засаг, дипломат харилцаагаа сайжруулахын тулд цөмийн хөтөлбөрөөс татгалзахад бэлэн гэж мэдэгдэж байсан юм. Гэвч 2006 онд Умард Солонгос цөмийн туршилт хийсний дараа уг хэлэлцээ хүчингүй болсон билээ. Үүнээс хойш Умард Солонгосын эрх баригчидтай дэлхийн улс орнууд цөмийн хэлэлцээ байгуулах гэж хичээж байсан ч 2009 онд  зургаан талт хэлэлцээ мухардалд орсон билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж