В.Путины сонгуулийн шоу юу эсвэл?

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

В.Путины сонгуулийн шоу юу эсвэл?

Шинэ оны дараахан Хар тэнгисийн эргийн Одесса хотод гарсан дэлбэрэлтийг Украйны цагдаа нар хий алдагдсанаас болсон хэмээн тайлбарлаж байсан юм. Гэвч хэдхэн хоногийн дараа Одесса хотын  хөлөг онгоцны компанийн эзнийг хөнөөхийг завдсан этгээд гар хийцийн бөмбөгөөр дэлбэлсэн гэдэг өөр тайлбар өгсөн байна. Харин өнгөрсөн даваа гаригт Украйны аюулаас хамгаалахынхан уг дэлбэрэлт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины амь насанд халдах гэсэн оролдлогын нэг байсан хэмээн мэдэгдэж, хар толгойдоо булуу хураасан юм. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход  ердөө нэг долоо хоног дутуу байхад В.Путины хэвлэлийн төлөөлөгч түүний амь насанд халдахаар төлөвлөж байсныг илрүүлсэн хэмээн мэдэгдэж, шуугиан тариад байна. В.Путины амь насанд халдахаар төлөвлөж байсан гэх тэдгээр муу залуус Чеченийн зэвсэгт бүлэглэлийн тэргүүн Доку Умаровын гар хөл байсныг ч Украйны аюулаас хамгаалахынхан олж тогтоожээ. Одесса хотын дэлбэрэлт Ерөнхий сайдын амь насанд халдах төлөвлөгөөний нэг хэсэг байсныг тогтоосон талаар  эрх баригчдаа магтан дуулдаг ОХУ-ын “Первый канал” суваг хамгийн түрүүнд мэдээлсэн юм. Таслал мэдээ гэхээсээ илүү баримтат нэвтрүүлэг шиг уг мэдээгээр үхтэлээ зодуулж, тамлуулсан Адам Осмаев гэгч халдлагыг үйлдсэнээ камерын өмнө хүлээн зөвшөөрч, “Халдлагын эцсийн  зорилго нь Москвад хүрч, В.Путиныг хөнөөх байсан юм” гэж ярьсан аж. В.Путины улс төрийн дайснуудын эх нутаг Лондонд олон жил  амьдарсан гэх Адам Осмаев Чеченийн зэвсэгт бүлэглэлийн удирдагч Доку Умароваас зааварчилгаа авч байсан гэж мэдүүлжээ. Тэрбээр ирэх гуравдугаар сард  болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө В.Путиныг хөнөөхөөр төлөвлөж байсан аж. Түүний хамтрагч Руслан Мадаев Одессад гарсан дэлбэрэлтийн үеэр амиа алдсан байна. Гуравдах сэжигтэн 28 настай казах эр Илья Пянзин айхтар түлэгдэлтийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн аж. Украйны аюулаас хамгаалах албаныхан Осмаевын лаптопыг олсон бөгөөд В.Путины бие хамгаалагчдаараа хүрээлүүлэн машинд сууж буй зургууд сэжиг төрүүлсэн аж. Чеченийн зэвсэгт бүлэглэлийн толгойлогч, номер-нэг алан хядагч  Доку Умаров өнгөрсөн хугацаанд Орост болсон террорист халдлагуудын гол зохион байгуулагч гэгддэг билээ. 2010 онд Москва хотын метронд  40 хүний амийг хөнөөсөн дэлбэрэлт, 2011 онд Москвагийн нисэх онгоцны буудалд 37 хүний амийг авч одсон амиа золиослогчдын халдлагын цаана Доку Умаров байсан аж. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Орост В.Путиныг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн өрнөсний дараа Доку Умаров энгийн иргэдийн эсрэг халдлага зохиохгүй гэдгээ террористуудад уриалсан видео бичлэг цацсан юм. Доку Умаров “Думын сонгуулийн дараах эсэргүүцлийн хөдөлгөөн Оросууд В.Путиныг дэмжихээ больсон гэдгийг харуулсан. Тиймээс Оросын энгийн иргэдийн эсрэг халдлага явуулах нь Исламын шашинтнуудын эсрэг өдөөсөн харгис дайнаас ялгаагүй” гэж уг бичлэгтээ ярьсан гэнэ. Гэвч олон улсын ажиглагчид Кавказад Исламын бие даасан улс байгуулахаар тэмцэж буй Чеченийн салан тусгаарлагчид В.Путиныг хөнөөхөөр завдсан гэх хэргийн цаана байгаа гэдэгт эргэлзэж байна. Учир нь В.Путин Чеченийн зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжиж, зэвсэгт халдлага явуулахад нь санхүүжүүлсэн хэрэгт Их Британийн хоёр иргэнийг буруутгаж, тэднийг Оросын талд шилжүүлэхийг шаардсаар олон жил болж байгаа юм. В.Путиныг улс төрд гарахад дэмжиж байсан Оросын олигархи Борис Березовский, Чеченийн Ерөнхий сайд байсан Ахмед Закаев нар Их Британиас улс төрийн орогнол хүссэн билээ. Оросын хэвлэлээр мэдээлснээс үзвэл Борис Березовский Оросын эсэргүүцлийн хөдөлгөөнийхнийг дэмжиж, В.Путинд захидал илгээсэн гэнэ. Тэрбээр захидалдаа “Влад, чиний гарт цус асгаруулсан хувьсгал гаргахгүй байх боломж бий” гэжээ. Путины холбоотнууд тун удахгүй түүний амь насанд заналхийлсэн оролдлогыг Москва хотын эсэргүүцлийн хөдөлгөөнийхэнтэй холбоотой гэх баримт гаргаж ирж магадгүй гэж ажиглагчид бичиж байна. Борис Березовский өнгөрсөн даваа гаригт “Time” сэтгүүлд утсаар ярилцлага өгөхдөө “В.Путины амь насанд халдах гэсэн гэдэг нь Оросын удирдагч ямар чухал хүн болохыг, бас ямар аюулд орсныг иргэдэд үнэмшүүлэх гэсэн эрх баригчдын оролдлого. Юмны учир ойлгодог хүмүүс бол энэ мэдээг сонсоод инээд нь хүрнэ.” гэж ярьсан байна. Оросын сөрөг хүчнийхэн ч мөн дээрх мэдээллийг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх В.Путины заль мэх гэж үзэж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж