“Цагдаагийн дарга нар гэм буруугаа хүлээсэн”

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

“Цагдаагийн дарга нар гэм буруугаа хүлээсэн”

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсгийн улмаас дөрвөн хүний амь нас хохирсон, зургаан хүний биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан гэх хэргийг ирэх гуравдугаар сарын 14-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэнэ. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан тухайн үеийн цагдаагийн удирдлагуудыг цэргийн гэмт хэрэгт хамааруулан зүйлчилснийг тэд эсэргүүцсэн билээ. Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэргийн асуудлаар нийслэлийн Прокурорын орлогч Е.Сагсайгаас тодрууллаа.

-Цагдаагийн дарга нарын хэргийг өмнө нь Өршөөлийн хуульд хамруулсан нь  тэд өөрсдийгөө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болох уу?

-Өршөөлийн хууль гарсны дараа цагдаагийн удирдлагууд “Гэм буруугийн асуудлаар маргаан байхгүй , бидний хэргийг Өршөөлийн хуульд хамруулж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байсан юм. Нэгэнт гэм  буруугийн хувьд маргаагүй учир хуулийн хүрээнд өршөөлд хамруулж, хэрэгсэхгүй болгосон. Одоогийн яллагдагчаар татсан зүйл анги нь хүнд  хэрэгт хамаарах учир гэм буруугийн асуудлыг ганцхан  шүүх л шийднэ.

-Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарын хэргийг сэргээн шалгах ёстой гэсэн байр суурийг цагдаагийн удирдлагуудын ар гэрийнхэн гаргасан талаар?

-Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарт тусад нь эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Тэр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй  гэж үзсэн учир сэргээн шалгаагүй гэж ойлгож байна. Шаардлагатай гэвэл эрх бүхий хүмүүс нь холбогдох газарт гомдлоо гаргаад хянуулах эрх нь бий.

-Дөрвөн хүнийг буудаж амь насыг нь хөнөөсөн хэрэг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан. Дүүргийн цагдаагийн хэлтсийн даргыг яагаад хэрэгт холбогдуулан шалгаагүй юм бэ?

-Олон нийтийн эмх замбараагүй байдал гэдгийг дүүргээр авч үзэж болдоггүй. Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийн бие бүрэлдэхүүн оролцож, нийслэлийн цагдаагийн газрын удирдлага нь  үйл ажиллагааг зохион байгуулсан  шүү дээ.
 
-Цэргийн гэмт хэрэгт хамааруулах нь буруу гэх байр суурийг шүүгдэгч нарын өмгөөлөгч  илэрхийлж байна?

-Цэргийн гэмт хэрэг мөн эсэхийг хэргийг хэлэлцэж, мэтгэлцэж байж шүүх бүрэлдэхүүн шийднэ. Түүнээс өмнө цэргийн гэмт хэрэг  мөн, биш эсэх талаар  прокурор ярих боломжгүй.

-Тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг шүүх хуралд гэрчээр байлцуулах ёстой гэсэн. Мөрдөн байцаалтын  шатанд тэднээс гэрчийн мэдүүлэг авсан уу?

-Шаардлагатай зарим нэг хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Шүүхийн мэтгэлцээнд яллах, өмгөөлөх тал гэрчүүдээ  дуудна. Яллах тал гэрчүүдээ дуудсан байгаа. Өмгөөлөгч гэрчээр хүн байлцуулах хүсэлт тавих эрх нь байцаан шийтгэх хуулиар нээлттэй.

-Өршөөлийн хуульд хамрагдаад хэрэгсэхгүй болсон хэргийг сэргээн  шалгах нь буруу гэж үзэж буй хүмүүс бас байна?

-Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн шалгах эрх нь дээд шатны прокурорт байдаг. Энэ бол хуулиар олгогдсон эрх. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох 10 гаруй үндэслэл  бий. Дээрх нь Өршөөлийн хууль  байна.

С.Отгонсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж