Импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж эхэлжээ

Саяхны нэг өдөр супермаркетаар үйлчлүүлж байхдаа лангуун дээр өрөөс­­тэй бараа, бүтээгдэхүүний хэд орчим хувь нь “Монголд үйлд­вэрлэв” гэсэн хаягтай байгааг өөрийнхөө хэм­­жээнд тодорхойллоо. Талх, гу­рилан бүтээгдэхүүн 100 хувь. Хүнс­ний ногооны хувьд 70 орчим хувь нь дотоодод тариалсан” хэмээн дүг­­нэв. Согтууруулах ундааны 50-60 орчим хувь нь импортынх. Сав­­ласан бүтээгдэхүүний багахан ху­вийг л дотооддоо үйлдвэрлэдэг. Чихэр, жимсний хувьд бүр ярих ч юм биш. Дийлэнх нь гадаад хаяг­тай. Ийн тооцоолсоор эцэст нь “Хүнс­­ний бүтээгдэхүүний 70-80 ху­вийг гадаадаас импортолдог” гэ­сэн дүгнэлтийг хийсэн юм. Харин ста­тистикчид 70 хувь гэж тодор­хойл­сон байдаг ажээ. Бусад бараа бүтээг­дэхүүний хувьд үүнээс ч бага тоо гарна. Ерөнхийдөө Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийг оруу­лаад жилдээ 160-180 нэр төр­лийн бүтээгдэхүүнийг гадаадаас импор­толдог ажээ. Нийт бүтээгдэхүүн 600-700 сая ам.доллараар хэмжигдэнэ. Энэ нь импортыг орлох бараа, бүтээг­дэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэйг харуулж байна.  Ямартай ч “Гадаадаас импортолдог бүтээгдэхүүний хэмжээ жилээс жилд буурч байгаа” гэсэн мэдээллийг мэргэжилтнүүд өглөө. Гэхдээ маш бага хэмжээгээр. Засгийн газар, салбарын яам, Жижиг, дунд үйлдвэрийн газраас энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа ажээ. Улс орны ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг үүгээр тодорхойлох болохоор тэр юм. Дотооддоо бүтээгдэхүүнй үйлд­вэрлэхгүй байгаагийн зовлон их. Хамгийн наад захын жишээ бол нэг литр шатахууныг 3000 төгрөгөөр авч байсан явдал юм.

Үүний хажуугаар Монгол Ул­сад жижиг, дунд үйлдвэрлэл эр­хэлж буй аж ахуйн нэгж, хоршоо, иргэдийн хувьд сүүлийн гурван жи­лийн хугацаанд 370-380 нэр төр­лийн бүтээгдэхүүнийг шинээр үйлд­вэрлэсэн гэсэн таатай мэдээлэл ч байна. Шинэ бүтээгдэхүүн үйлд­вэр­лэхийн хэрээр импортын бүтээг­дэхүүний хэмжээ багасаж, экспорт нэмэгдсэн аж. Өмнө нь ноолууран бүтээгдэхүүн экспортлохоос хэ­тэр­дэггүй байсан жижиг, дунд үйлд­вэрлэл эрхлэгчид сүүлийн жи­лүүдэд нэхий дээл,  арьс, ширэн эдлэлийг хил давуулан борлуулдаг бол­сон. Борц, цайны төрлийн хүнс­ний бүтээгдэхүүнийг Өвөр мон­гол руу, ширэн гутал, арьсан эд­лэлийг Буриад руу экспортлох ханд­лага ч ажиглагддаг болжээ. Мөн мо­дон эдлэлийн бэлдэц, буудай, но­гоо, төмсийг боломжийн хэрээр экс­пор­толж байгаа үйлдвэрлэгчид ч бай­гаа аж. Гэхдээ Жижиг, дунд үйлд­вэрийн газраас үүнээс илүүтэй­гээр гадаадаас импортолж буй ба­раа, бүтээгдэхүүнийг орлох бүтээг­дэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх бод­логыг түлхүү баримталж байгаа ажээ. Нэг ёсондоо хөнгөлөлттэй зээл олгохдоо үүнийг түлхүү баримтална гэсэн үг.

Хөнгөлөлттэй зээл олгож эхэлс­нээс хойш энэ талаар тодорхой үр дүн гарч эхэлсэн байна. Тухайлбал, ма­най улс жилдаа 30 сая ам.долларын ургамлын тос экспортолдог байж. Харин дотооддоо ургамлын тос сав­ладаг үйлдвэр байгуулснаас хойш энэ тоо бага ч болов буурчээ. Ур­гамлын тос савлах үйлдвэр сард 200 мянган сав бүтээгдэхүүн үйлд­вэрлэж, дотоодын зах зээл дээр бор­луулж эхэлжээ. Өөр жишээ ч бий. Манай улс 2008 онд жилд 21 сая өндөг үйлдвэрлэж байсан бол өнөөдөр дотооддоо 78 сая өндөг үйлд­вэрлэдэг болсон ажээ. Энэ нь дотоодын өндөгний хэрэгцээний 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг болсныг харуулж буй. Хоёр жилийн дараагаас дотоодын хэрэгцээний өндгийг дотооддоо 100 хувь үйлдвэрлэж эхлэх ажээ. Сав, баглаа, боодол, савласан бүтээгдэхүүний үйлдвэрлэл ч эрс нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Мөн төмөр эдлэлийг 100 хувь гадаадаас импортолдог байсан бол турба, жижиг дөрвөлжин төмрийн үйлдвэрүүд баригдаж байгаа юм байна. Барилгын салбарынхны хувьд арматурын төмрөөс бусдыг им­портолдог. Цементийн 30 орчим хувийг л дотооддоо үйлдвэрлэдаг билээ. Гэхдээ замаск, хавтан, дээв­рийн материалыг дотооддоо үйлд­вэрлэх боломж бий ажээ.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор “Экспортод гар­гах бүтээгдэхүүн үйлдвэрлэх то­хиол­долд өндөр түвшний техно­логи суурилуулах, нэвтрүүлэх шаард­ла­гатай. Ингэж байж гадаадын зах зээл дээр өрсөлдөж чадна. Гэхдээ Мон­голын уламжлалт түүхий эдэд  суурилсан бүтээгдэхүүнийг гаргахад болохгүй гэх зүйлгүй. Манай арьс ширний үйлдвэрүүд импортын түү­хий эдээр бүтээгдэхүүнээ үйлд­вэрлэж байгаа. Миний хувьд Ерөн­хий сайд болон холбогдох сайд нарт “Арьс шир боловсруулах үйлд­вэрүүдийг төрөөс тусад нь дэмжээд өгөөч. Тэгвэл цүнх, гутал зэрэг арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл маш сайн хөгжинө” гэж уламжилсан. Арьсаа дотооддоо боловсруулдаггүй энэ хэвээрээ байгаад байвал түүхий эд гадагшаа их гарна. Улмаар бу­цаад боловсруулсан арьсыг өндөр үнээр импортолдог. Хэрвээ арьс, ширийг өндөр түвшинд боловс­руул­даг болчихвол гадаадаас 500-600 ам.доллараар авдаг цүнхийг Мон­голоосоо 200-250 мянган төгрөгөөр авах боломжтой болно. Үүнээс гадна хүнсний бүтээгдэхүүний үйлд­вэрлэлд түлхүү анхаарна. Ундаа, сав­ласан бүтээгдэхүүн, салат хийдэг үйлд­вэрүүд олноороо бий болсон” гэж ярилаа. Тэрбээр намар хураагаад нэг их удалгүй хөлдчих гээд байдаг лууван, өргөст хэмх зэрэг хүнсний ногоогоор савласан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээний дийлэнхийг хангах боломж бий гэдгийг ч онцоллоо.

Ийнхүү идэх хоол, өмсөх хувцас, орох оронтой болох тал дээр бусдаас хараат бус болох боломж бий ажээ.  Засгийн газар, холбогдох газрууд ч жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ойрын 2-3 жилийн хугацаанд хэрэг­жүүлэх бодлогоо үүнтэй холбон тайл­барлаж байна. Харин дараа нь жижиг, дунд үйлдвэрлэлд өндөр техно­логи суурилуулж, экспортыг түл­хүү дэмжинэ. Импортыг дэмж­сэн бодлого явуулсны дараа экспор­тыг дэмжсэн бодлого явуулах нөх­цөл аяндаа бүрдэж эхэлнэ гэж тооцоол­жээ.

Дашрамд дурьдахад, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорил­гоор өнгөрсөн хугацаанд улсын төс­вөөс 260 тэрбум төгрөгийн зээл олго­сон байна. Мөн гадаадын төсөл хөтөл­бөрөөс нийтдээ 160 гаруй тэрбум төг­рөгийн зээл олгожоо. Нийт 6000 мянга орчим аж ахуйн нэгж, иргэнд дэмжлэг үзүүлсэн байна. Түүнчлэн 2800 орчим аж ахуйн нэгж, иргэнд 20 тэрбум төгрөгийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт үзүүлжээ. Ингэснээр улсын хэмжээнд 30 орчим мянган ажлын байр ши­нээр бий болсон аж. Ажлын байр нэмэгдэхийн хажуугаар импортыг ор­лосон үйлдвэрлэл маш эрчимтэй хөгжиж байгаа нь хөнгөлөлттэй зээл олгосны хамгийн гол үр дүн юм. Үйлдвэрлэл цаашдаа ч нэмэгдэнэ. Хамгийн гол нь үйлдвэрлэл эрхлэх хү­сэлтэй иргэн, айл өрхүүдийн тоо нэмэгдэж байгаа нь мөнгөөр хэмжиг­дэхгүй амжилт билээ.

Т.Урангэрэл
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж