Тунис Башар аль-Ассадад орогнол олгоно гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Тунис Башар аль-Ассадад орогнол олгоно гэв

Тунисын Ерөнхийлөгч Сирийн улс төрийн хямралыг мухардлаас гаргахын тулд тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Ассадад улс төрийн орогнол олгоход бэлэн гэдгийг мэдэгдсэн талаар тус улсын нэгэн сонинд бичжээ. Тунисын Ерөнхийлөгч Монсеф Марзуки франц хэлнээ хэвлэгдэн гардаг өдөр тутмын “La Presse” сонинд ярилцлага өгөхдөө Башар аль-Ассадад олгох улс төрийн орогнол түүний хүмүүст ч мөн хамаатай  гэж ярьжээ. Тунис нь төрийн эрхэнд олон жил ноёрхсон автократ дэглэмийг унагасан Арабын анхны улс бөгөөд эрх баригчдыг эсэргүүцсэн хөдөлгөөн орон даяар өрнөхөд ерөнхийлөгч Бен Али өөр улс руу дүрвэн гарсан юм. Сирид 11 сар үргэлжилж буй бослого хөдөлгөөн иргэний дайн болон хувирч, хүчирхийлэл, аллага улам гаарсан дэлхийн хамгийн халуун цэг болоод байна. НҮБ, дэлхийн улс орнууд Сирийн эрх баригчдаас хүчирхийллийг зогсоож, энгийн иргэдийг галаас хамгаалахыг уриалж байгаа ч зөвшилцөлд хүрч чадахгүй өнөөг хүрсэн. Тунис нь Сирид эмх замбараагүй байдал үүсэхэд хамгийн түрүүнд элчин сайдаа татсан улс билээ. Өнгөрсөн баасан гаригт Сирид гал зогсоох яаралтай арга хэмжээ авч, иргэний дайны хөлд нэрвэгдсэн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлаар тус улсад олон улсын төлөөлөгчдийн чуулган болсон юм. Башар аль-Ассадын цэргийнхэн босогчдын байрлаж буй олон хот, сууринд бөмбөгдөлтөө үргэлжлүүлж байна. Хүний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчдийн мэдээлж буйгаар энэ 11 сарын хугацаанд Сирид амиа алдсан хүмүүсийн тоо 8,000 хол давжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж