Нобелийн энхтайвны шагналд 231 хүн нэр дэвшжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Нобелийн энхтайвны шагналд 231 хүн нэр дэвшжээ

Нобелийн энхтайвны шагналын хороо энэ онд уг шагналд 231 хүн нэр дэвшсэнийг зарлажээ. Олон нийтэд нээлттэй зарласан нэр дэвшигчдийн дунд Украйны Ерөнхий сайд асан Юлия Тимошенко, “WikiLeaks”-т нууцын зэрэглэлийн мэдээлэл дамжуулсан хэрэгт буруутгагдсан америк цэрэг Брэдли Маннинг, Оросын хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Светлана Ганнушкина нарын нэрс оржээ. Түүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Майкрософт компанийг үндэслэгч Билл Гейтс, Германы Канцлер асан Гельмут Коль нар Нобелийн энэ нэр хүндтэй шагналыг хүртэх эрхтэй гэж үзэх олон хүн байгаа юм. Гэвч Нобелийн энхтайвны шагналд зөвхөн нэр дэвшсэнээр бүх асуудал шийдэгдэхгүй билээ. Жил болгон уг шагналд улс төрч, эрдэмтэн, профессор, хүний эрхийн төлөө тэмцэгчид нэр дэвшдэг боловч эцсийн шийдвэрийг Норвегийн парламентаас томилсон зөвлөлийн таван гишүүний нууц санал хураалтаар гаргадаг. Нобелийн энхтайвны шагналд энэ онд шинээр нэр дэвшигчид олон байгаа төдийгүй олон удаа нэр нь дэвшигдэж буй хүмүүс ч цөөнгүй байгаа талаар Норвегийн Нобелийн шагналын хорооны  нарийн бичгийн дарга Гейр Лундестад “Ассошиэтэд Пресс” агентлагт мэдээлжээ. Энхтайвны шагналд нэр дэвшигчдийн нэрийг хүлээн авах эцсийн хугацаа энэ сарын 1-нээр дууссан ч зөвлөлийн таван гишүүн ирэх баасан гаригт нэрийг нь дэвшүүлэх онцгой хүмүүс үлдсэн эсэхийг дахин хянан хэлэлцэх гэнэ. Нобелийн энхтайвны шагналыг өнгөрсөн онд Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон Ширлиф, Либерийн хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Лейман Гбови, Йемений Таваккул Карман нар хуваан хүрсэн билээ. Зарим шүүмжлэгчид энхтайвны шагналын хороо хүний эрхийн төлөө тэмцэгч, байгаль хамгаалагчдад шагналыг хавтгайруулан олгож,  Альфред Нобелийн гэрээсийг зөрчиж байна гэж буруутгасан юм.

Энэ сарын эхээр Шведийн эрх баригчид Стокгольм дахь сан болон Нобелийн сангуудаас энхтайвны шагналын хороо Альфред Нобелийн гэрээслэлийг ёсоор болгож байгаа эсэхэд хяналт тавихыг хүсчээ. Нобелийн шагналыг анагаах ухаан, Физик, хими болон уран зохиолын салбарын гарамгай эрдэмтдэд олгодог уламжлалтай. Нобелийн шагналыг бий болгосон Альфред Нобелийн дурсгалд зориулж Шведийн Төв банк 1968 оноос эдийн засгийн салбарын шилдгүүдэд зургаа дахь Нобелийн шагналыг өгөхөөр болсон аж. Нобелийн шагналыг тус бүр 10 сая швед крон буюу 1.5 сая ам.доллар дагалдан очдог байна. Шагналын эздийн аравдугаар сард тодруулдаг юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж