Хог ангилах байгууламжтай танилцав

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Хог ангилах байгууламжтай танилцав

Хогийн цэг гэхээр хүн болгоны толгойд хүн, нохой хоёр зэрэгцэн, утаа униар дэгдсэн, эвгүй үнэртэй бараан амьдрал төсөөлөгддөг байх. Харин өчигдөр Нарангийн энгэрийн хогийн цэг дээр очиход арай л өөр байдал харагдав.  Зэврүүн салхитай байсан ч толгой дээгүүр гялгар уут болон өөр бусад хог хийсэхгүй. Хогийн цэг дээрээс амьдралаа залгуулдаг гэх хүмүүс ч алга. Эсвэл албаны хүмүүс ирж  үйл ажиллагаатай танилцана гэдэг сургаар цэгцэлсэн ч байж магад.

Нийслэл хотынхон жилд дунджаар 400 мянган гаруй тонн хог хаядаг гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг. Нарангийн энгэрийн хогийн цэгийг тойруулан 20 гаруй га газар торон хашаа татжээ. Энд өдөрт нийслэлийн зургаан дүүргээс 50-60 машинаар 1000-1200 тонн хог хаягдал авчирч хаядаг аж.

Хогийн цэгээс айлууд нэлээн зайтай байсан ч өдрөөс өдөрт  хөдөөнөөс хот руу шилжин ирэгсэд нэмэгдэж байгаа өнөө үед нүд ирмэх зуур л хаяа нийлэхээр харагдана. Хогийн цэгтэйгээ хаяа нийлэн амьдрах энэ л хэв маягийг эвдэхийн тулд Хотын байгаль орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах гэх мэт олон л ажил хийж байгаа. Хүн амьдарч байгаа цагт хог гарах нь тодорхой учраас хог хаягдлыг ангилах боловсруулах, цэгцлэх тухай асуудлыг шийдэх нь зүй. Улаанбаатарчуудын хувьд ч том асуудал болоод байгаа учраас энэ асуудлыг шийдэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүүлж буй. Нийслэлийн хог, хаягдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд хог боловсруулах үйлдвэр мэтийг байгуулна гэж байсан ч яг ажил хэрэг болгосон эсэх талаар мэдээлэл хомс байсан. Нарангийн энгэрт хог ангилан ялгах цогцолбор хоёр жил гаруй болж байгаа юм байна.  Энд “Ландфилл” технологиор хогийг даран булшилж байгаа гэнэ. Энэхүү цогцолборын ажилтай БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, Нийслэлийн захирагчийн албаны дарга Ч. Бат болон холбогдох мэргэжилтнүүд танилцсан юм.

Нийслэлийн захирагчийн алба­ны дарга Ч. Бат “Ландфилл техно­логийг ашиглаж Нарангийн энгэр, Мориндаваа, Улаанчулуутын хогийн цэгийн хөрсийг эрүүлжүүлэн иргэ­дийн ая тухтай эрүүл орчин бүрдэнэ” гэлээ.

Японы техник технологийг хам­тын ажиллагааны  төслийг хэрэг­жүүлэх ажлын хүрээнд хог хаягдал ашиглан ялгах, дахин боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-г ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс боловсруулах гэнэ. Одоогийн байдлаар Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 55621,48 тн хог хаягдлыг хүлээн авч 1,8 га талбайд булан 24430 тн хөрсөөр хучаад байгаа аж.

Хөглөрсөн их хог нэвсийж, хийсэх нь хийсч байхаар нэгдсэн зохион байгуулалттайгаар хөрсөнд булах нь эрүүл ахуй, орчны тохижилтын хувьд зөв гэж үздэг хэсэг ч бий. Гэхдээ нөгөө талаар хөрсөн доогуур хогийг булшилснаар хөрсний байгаль экологид үзүүлэх хор хөнөөл нь ч их гэсэн тайлбар, шүүмжлэл бас байдаг.  Энэ талаар албаны хүнээс асуухад “Агаарын бохирдол бол сэргэж цэвэрших боломжтой. Жишээлбэл, жаахан салхитай байхад утааг салхи хөөгөөд цэлмэг болгочихдог, тийм болохоор шийдэж болно. Харин хөрс тийм биш. Хөрсөн доор хог булаад хичнээн сайн мод ургамал тарьж ургуулна гэдэг асуудалтай баймаар” гэж байв. Хог хаягдлыг ийнхүү булшлаад л өнгөрөөх нь хэр оновчтой арга зам бэ гэдэг асуултад харамсалтай нь, албаны хүмүүс “Бид бусад хөгжилтэй улс орны  адил бид булшилж байгаа. Хөрс бохирддог ч өөрөө цэвэрших чадвартай” гэхээс өөр тодорхой хариулт хэлж чадахгүй байв. 

Хөрсний өөрөө цэвэрших процесс хөрсний гадаргаас доош 0.2-0.25 метрийн гүнд явагддаг байна. Гэхдээ хөрсний цэвэршилтэд олон хүчин зүйл нөлөөлдөг гэнэ. Үүнд: Тухайн хөрсний бохирдолтын хэмжээ болон ямар төрлийн зүйлсээс бохирлогдсоноос шалтгаалдаг. Мөн хөрсний бүтэц, цаг агаарын байдал гэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг аж.

Б.Намуунхур

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж