Могойн голын уурхайн хувь эзэмшлээр асуулт тавилаа

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Могойн голын уурхайн хувь эзэмшлээр асуулт тавилаа

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байрлах Могойн голын нүүрсний уурхайн  ашиглалтын талбай дуусч нүүрс олборлох газаргүй болсон нь тус уурхайн удирдлагуудын зүгээс эзэмшлийн газрыг бусдад хууль зөрчин давхардуулан олгосон асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигт ханджээ. Харин эрхэм гишүүн эл асуудлыг судалж үзээд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өнөөдөр асуулт тавьсан байна. Учир нь  Могойн голын нүүрсний уурхайн эзэмшилд харьяалагдаж байсан газрыг Хургатай хайрхан ХХК-д давхардуулан олгож,  улмаар Австралийн “Aspire Mining” компанид дамжуулан худалдсанаар гадаадын бирж дээр их хэмжээний хөрөнгө босгож нүүрсийг гадагш зөөх бэлтгэл ажлыг хангажээ. Энэ нь Могойн голын уурхайгаас нүүрс авч баруун аймгуудыг эрчим хүчээр хангах тодруулж хэлбэл, Завхан аймгийн Тэлмэн суманд баригдах цахилгаан станцын ирээдүй, Тэлмэн-Могойн голын цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих ажлыг үр дүнгүй болгож төрийн бодлогод саад болж болзошгүй гэж эрхэм гишүүн үзжээ. Тиймээс дараах долоон асуудлаар дэлгэрэнгүй хариулт өгөхийг УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг Монгол Улсын Ерөнхий сайдаас хүсчээ. 

1.    Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Могойн гол нүүрсний ордын 
нөөцийг нарийвчлан тогтоож,  стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлж байхыг Засгийн газарт даалгасан. Энэ асуудлын шийдвэрлэлтийн явц байдал ямар шатанд байгаа.

2.
  Могойн голын нүүрсний уурхайг түшиглэсэн цахилгаан станц барих нь  улсын хэмжээнд төдийгүй бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх ач холбогдолтой. Гэтэл үүнийг мэдсээр байж энэ уурхайн талбайг тойруулан Хургатай хайрхан гэх ХХК –д 9350 га газрыг  давхардуулан олгосон нь ямар учиртай болох, талбайн хилийн маргаан байсан эсэх,  хэрэв байсан бол хэрхэн шийдвэрлэсэн.

3. Ашигт малтмалын ордын нэрийг өөрчлөх асуудлыг ямар хууль тогтоомжийн хүрээнд хаана шийдвэрлэдэг, түүнд тавих бүртгэл,  хяналт байдаг эсэх.

4.  Хургатай хайрхан гэх ХХК хэдэн лицензи эзэмшдэг, хэдэн оноос хайгуулын үйл ажиллагаагаа явуулсан,  өнгөрсөн жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт, ажиллагсадын тоо, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлтэй холбоотой ямар гэрээ, хэлцэл байдаг. Өнгөрсөн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалт, өргөтгөл, шинэтгэлийн талаар хийгдэж байгаа ажил.

5. Ашигт малтмалын газраас өгсөн мэдээллээр Хургатай хайрхан ХХК нь Овоотын ордын лицензи эзэмшдэг. Гэтэл Австралийн Aspire Mining гэдэг компани энэ ордоор хувьцаа гаргаж,  хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгож эхэлсэн байна. Өнөөдөр Овоотын ордын лицензийн албан ёсны эзэмшигч нь хэн болох.

 6 .Могойн голын нүүрсний уурхайн ашиглалтын талбайн өнөөгийн нөхцөл байдал, түүнийг нэмэгдүүлэх талаар хийсэн судалгаа,  тооцоо байгаа эсэх, ямар арга замаар хэрхэн шийдвэрлэх гэж байгаа талаар.

 7. Хөдөө орон нутгийн эрчим хүчний шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн хийх талаар төрөөс тодорхой  төлөвлөсөн ажлуудын хэрэгжилт ямар шатанд байгаад тус бүр хариулт хүсчээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж