Европын стандартыг Монголд нутагшуулахад Дани Улс дэмжлэг үзүүлэхээр болов

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Европын стандартыг Монголд нутагшуулахад Дани Улс дэмжлэг үзүүлэхээр болов

Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтанд оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Данийн Вант Улсын Ерөнхий сайд Ларс Лакке Расмуссэн, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Хоёрдугаар Дэд Ерөнхийлөгч Мохаммад Карим Халилитэй уулзлаа.  
Ерөнхий сайд С.Батболд Данийн Вант Улсын Ерөнхий сайд Ларс Лакке Расмуссэнтэй Боаогийн хурлын үеэр уулзаж буйдаа талархал илэрхийлж хоёр орны хоорондын худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд өндөр хэмжээний уулзалтууд чухал үүрэг гүйцэтгэдгийг цохон тэмдэглэв. Мөн Дани Улс Монголын ардчилсан өөрчлөлтийг анхнаас нь дэмжиж чөлөөт хэвлэлийн тогтолцоог бүрдүүлэх зорилготой Данидагийн төсөл, боловсролын салбарын дэмжлэгийг өндөрөөр үнэлдэгээ тэмдэглэв. Дани Улс нь Европын холбооны гишүүний хувьд Европын стандартыг Монголд нэвтрүүлэхэд туслаж дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа өгүүлэв. Данийн Ерөнхий сайд Ларс Лакке хоёр орны харилцаа амжилттай хөгжиж буйг тэмдэглэж, бизнес эдийн засгийн шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх санал нэг байгаагаа дурдлаа. Данийг гуравдахь хөршөө гэж тооцож болно гэдгийг онцолж Монгол Улсын Ерөнхий сайдын нутагшуулах гэж буй Европын стандарыг нэвтрүүлэхэд бүх талын тусламж дэмжлэг үзүүлэхээр болжээ.   
Энэхүү уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Хоёрдугаар Дэд Ерөнхийлөгч Мохаммад Карим Халилитэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Боаогийн эдийн засгийн чуулга уулзалтын талаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж