Бүх зүйл тодорхой байхад сонгуулиар яах юм

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Бүх зүйл тодорхой байхад сонгуулиар яах юм

Усан луу жилд Ардын намынхан нягтарч, Ард­чилсан намынхан задрах гэнэ дээ. Энэ бүхнийг би хэлж байгаа юм биш шүү. Зурхайчид хэлээд байгаа гэх. Тэгэхээр итгэхгүй гээд яах юм бэ. Сүүлийн үед манай зурхайчид шинжлэх ухааны гаргалгаан дээр үндэслэн таамаглалаа дэвшүүлдэг болсон гэдэг биз. Саяхан  Ардчилсан намынхан тэдэнд дохио өгсөн шүү дээ. Яагаа вэ, луу жил гарахын өмнөхөн фракци дотор нь фракци мэндлээд байсан даа.  Үүнээс санаа авсан зурхайчид энэ жилийн улс төрийн амьдралын төлөвийг маш шуурхай гаргачихсан байна. Тэгэхээр Ардчилсан намын гишүүд муу юманд  эртнээс сэтгэл санаагаа бэлтгэх хэрэгтэй болж байх шиг байна. Болохгүй бол зурхайд зааснаар засал хийлгэсэн ч болно шүү дээ. За ардчилсан намынхны хувьд байдал ийм байдаг байж. Тэгэхээр Ардын намынхан өрсөлдөгчгүй болох нь ээ. Үгүй юм байна аа. Саяхан МАХН, МҮАН, БНН-ынхан нэгдэж нийлээд сум багцлаад сүйд болсон байх аа. Энэ үйл явцыг зурхайн  ухааны үүднээс авч үзвэл тэд нэлээд хүчирхэгжих шинж ажиглагдаад байгаа юм. Тэгэхээр Ардын намынхан огт өрсөлдөгчгүй биш юм аа. Гэхдээ энэ жилийн зурхайд Ардын намынхныг хүчирхэгжиж, нягтарна гэсэн. Тэгэхээр бүх зүйл тодорхой болчихоод байгаа юм биш үү. Ер нь сонгууль энэ тэр хийж мөнгө үрж, хор найруулах аргаа олж ядаж байхаар зурхайчдынхаа үгэнд ороод л Ардын намынханд төрийн эрх барих эрхийг өгцгөөе. Амар юм биш үү, гишүүд ээ. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль гэж хэрэлдэхгүй, улсын төсвөөс сонгуульд зориулж нэг ч төгрөг гаргахгүй, сонгууль будилаантсан гэж жагсаал, цуглаан хийхгүй. Ийм сайн зурхайчдынхаа мэрэг төлөгт итгэхгүй бол алдас болох вий. Ер нь Монгол Улсынхаа ирээдүйг зурхайчдынхаа гарт даатгаад нэг  үзвэл яасан юм. Цагаан сар, буяны ажил болохоор л тэднээс өөр үнэн ярьдаг хүн байхгүй болчихдог. Тэдний хэлсэн болгоноор бүхнийг хийгээд буруутсан зүйл алга. Тэгэхээр энэ удаад ч гэсэн зурхайчдынхаа зөвлөгөөг дагаад сонгууль гэж шоудахгүй амар жимэр нэг жилийг өнгөрөөе. Буруу мэрэглэсэн бол дөрвөн жилийн дараа дахиад л сонгуулиа хийчихнэ биз.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж