“Служебный роман. Наше время” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

“Служебный роман. Наше время” нээлтээ хийлээ

Ганц бие, зожиг, ажлын хэнээтэй, хахир хатуу зантай дарга бүсгүй Людмила Калугина, хайхрамжгүй, хэнэггүй, будилуу зантай Анатолий Новосельцев гэхээр хэн хүний санаанд “Ийм нэгэн явдал” хэмээх Оросын инээдмийн кино бууж байгаа биз ээ. Тэдний нарийн, таагүй харьцаа хэрхэн хайр болж буйг харуулдаг “Служебный роман” буюу “Ийм нэгэн явдал” кино анх 1977 онд дэлгэцнээ гарч байсан юм. Харин тус киноны шинэ анги болох “Служебный роман. Наше время” нэртэйгээр өнөөдөр ОХУ-ын “Макси Мир”, “Октябрь”, “Спартак” зэрэг томоохон кино театруудад нээлтээ хийн, үзэгчдийн хүртээл болж байна. Тус киноны шинэ ангийн хувьд өмнөх ангийн зохиолыг орчин үед нийцүүлэн бичиж, найруулан бичсэн ба таван сая ам.долларын өртгөөр бүтжээ. Уран бүтээлчдийн зүгээс энэхүү киног чамлахааргүй уран бүтээл болсон хэмээн мэдээлжээ. “Ийм нэгэн явдал” нэрээрээ алдаршсан  хоёр ангит инээдмийн адал явдалт киноны үргэлжлэлийг бүтээж  буй Оросын “Квартал 95” студийнхэн зураг авалтын ихэнхийг Москвад, зарим хэсгийн зургийг Туркийн таван одтой зочид буудалд нийтдээ 45 хоног авсан ажээ. Тус киноны найруулагчаар Сарик Андреасян ажиллан гол дүрүүдэд  Светлана Ходченкова, Владимир Зеленский, Марат Башаров, Павел Воля, Дмитрий Хрусталев, Тимур Родригез, Анастасия Заворотнюк нар тогложээ.  
Дашрамд сонирхуулахад, хуучин ангийн хувьд дэлгэцнээ гарсан даруйдаа Оросын нийгмийн нэг хэв шинжийг эвдэж, тухайн үедээ 58 сая хүн тус киног үзсэн нь хамгийн олон үзэгчтэй бүтээлээр нэрлэгдэж байсан юм.
Видео бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж