Аргентинд хоёр өдрийн гашуудал зарлав

Хуучирсан мэдээ: 2012.02.24-нд нийтлэгдсэн

Аргентинд хоёр өдрийн гашуудал зарлав

Аргентиний нийслэл Буэнос-Айрос хотын галт тэрэгний буудалд гарсан ослын улмаас 50 хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн бэртжээ. Энэхүү аймшигт ослын улмаас тус улсын ерөнхийлөгч улс даяар хоёр хоногийн гашуудал зарласан байна. Галт тэрэгний нэг ба хоёрдугаар бүхээгний хооронд гэнэт дэлбэрэлт болсны улмаас галт тэрэг хашлага дайрч унасан бөгөөд аврагчид онхолдсон галт тэрэгний бүхээгээс хүмүүсийг гаргаж, хамгийн ойр орших эмнэлэг рүү нисдэг тэргээр зөөвөрлөсөн байна. Ослоор амиа алдсан хүмүүсийг ерөнхийлөгчийн амьдардаг Засгийн газрын байрны гаднах талбайгаас эцсийн замд нь үдэх гэнэ. Ажлын цаг дөхсөн, өглөөний оргил ачаалалтай үеэр осол гарсан тул олон зорчигч аймшигт ослын гэрч болжээ. Галт тэрэгний осол яг л тэсрэх бөмбөг дэлбэрч байгаа мэт аймшигтай, чанга сонсогдсон тухай зорчигчид ярьсан байна. Ослын улмаас 676 хүн бэртэж, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн эмнэлгээр дүүрэн байгаа аж.

Галт тэрэг лхагва гаригийн өглөө 08.30 цагийн үед галт тэрэгний буудалд ирээд осолдсон бөгөөд 26 км/цагийн хурдтай явж байжээ. Сүүлийн 40 метрт чухам юу болсныг хэн ч мэдээгүй гэнэ. Галт тэрэгний машинист нь 28 настай залуу байсан бөгөөд дөнгөж өглөөний ээлж солилцоод байсан аж. Ослын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн байгууллагынхан ажиллаж буй юм байна.

Лхагва гаригийн өглөө болсон дээрх осол Аргентиний түүхэн дэх хамгийн аймшигтай ослуудын нэг гэнэ. Өмнө нь, 1970 онд Буэнос-Айросоос хойд зүгт хоёр галт тэрэг мөргөлдөж, 200 хүн амиа алдаж байжээ. Түүнээс хойш найман жилийн дараа Санта Фе мужид галт тэрэг ачааны машин дайрсны улмаас 56 хүн нас барсан эмгэнэлт хэрэг гарч байсан гэнэ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж