Хуучирсан мэдээ: 2012.02.24-нд нийтлэгдсэн

Тувачууд гал тахив

ОХУ-ын монгол туургатан Халимаг, Тува, Буриадууд сар шинийн баяраа тэмдэглэж байна. Тувачууд л гэхэд “Шагаа” хэмээн нэрлэдэг сар шинийн баяраа ихээхэн ёслол хүндэтгэлтэйгээр угтжээ. Тэд сар шинээ түүдэг гал өрдөж угтдаг заншилтай юм байна. Уг нь түүдэг галыг уламжлал ёсоор Кызыл хотын орчмын Догээ уулан дээр асаадаг ч энэ удаа Бүрэн-Хем суурины ойролцоох Чурек-Даг уулнаа гал тахижээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ноос эхлэн бүтэн сар үргэлжилсэн газар хөдлөлт, хөрсний чичирхийлэлтийн голомт Чурек-Даг уулаас 20 км зайд бий тул лус савдаг аргадахаар ийнхүү галын тахилгын буурийг сэлгэжээ.
Тувагийн засаг, захиргааны тэргүүнүүд галын бурханд цагаан идээний дээж өргөж хар усан луу жилд эртний уламжлалт Тувагийн газар нутагт сайн сайхан бүхнийг оршоохыг гуйн мөргөжээ. Шинийн нэгний өглөөний 06.00-09.00 цагт ойр хавийн иргэд бүгдээрээ Чурек-Даг ууланд гарч галын тахилгад оролцон ном гүрэм уншиж, Тувагийн нийт иргэдэд буян хишиг дуудан хурайлсан тухай Newsru.com мэдээллийн сайт мэдээллээ.

Төр, засгийн хамгийн залуу зүтгэлтэнд хонины сүүлээр хишиг хүртээдэг заншил Тувад байдаг аж. Уламжлал ёсоор Тувагийн Ерөнхий сайд Шолбан Кара-Оол Засгийн газрын хамгийн залуу гишүүн, Хөдөө аж ахуйн сайд Арис Сааяд хүндэтгэлийн хишиг болох хонины сүүлээр бэлэг барьснаар галын тахилга өндөрлөжээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж