Олон улсад мөрддөг жишгээр бол тухайн улсын иргэд гадаадад амьдарч байгаа тохиолдолд хууль тогтоох дээд байгууллагын төлөөллийг сонгох тохиолдолд дунджаар 20 хоногийн өмнө урьдчилан саналаа өгдөг аж. Энэ жишгийг бодож гадаадад амьдарч байгаа монголчуудын саналыг УИХ-ын сонгууль болохоос 15 хоногийн өмнө урьдчилан авахаар болжээ. Үүнээс гадна гадаадад байгаа монголчуудын хувьд сонгуульд саналаа өгөх тохиолдолд дараах үүргийг хүлээж байна. Тухайлбал, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа, улсын бүртгэлд бүртгэгдсэн, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох боломжтой. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэн өөрийн биеэр ирж оролцоно. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн зөвхөн сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөө саналаа өгнө. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан авч, битүүмжлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
Мөн Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт “Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, мөрдүүлнэ.” гэж заажээ. Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь 09 дүгээр тогтоолоор гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулахад шаардлагатай судалгаа гаргах, гадаад орны туршлага судлах, холбогдох журмын төсөл боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий тус Хорооны гишүүн П.Бямбацэрэн, Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярсайхан нараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулжээ.
Ажлын хэсэг хуульд заасан журмын төслийг боловсруулж ирэх гуравдугаар сарын 1-ний дотор багтаан түүнийгээ Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах үүрэг хүлээсэн байна.