Олимпийн найдвар: Жүдо

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Олимпийн найдвар: Жүдо

Спорт холбоодын хариуцан зохион байгуулдаг улсын аварга шалгаруулах тэмцээнүүд шил шилээ даран үргэлжилж байна. Монголчуудын нийтлэг сонирхдог бөхийн төрлүүдийн тэмцээн энэ дөрөв, тавдугаар сард болох хуваарьтай байгаа. Тэдгээрийн нэг болох жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн бямба, ням гаригт болж, өнөөдөр өндөрлөлөө. Олимпийн аварга, дэлхийн аваргатай, тэдэнтэй эн тэнцүү өрсөлддөг дэлхийн хэмжээний шилдгүүд оролцсон улсын аваргын төлөөх тулаан Монголын жүдочдын хувьд ширүүн өрнөв.

Нийт 12 байгууллагын 247 жүдоч хүч үзсэн энэ удаагийн тэмцээнд Япон улсад жүдогийн сургуульд  сурч байгаа Б.Тэмүүлэн, Б.Цэрэнтогтох, М.Дагвадорж нарын 20 гаруй жүдоч Японоос ирж оролцсон, олон улсын  А зэрэглэлийн шүүгчид гадаадаас урилгаар ирж, тэмцээнийг шүүн явуулсан гээд улсын аваргыг чимсэн үйл явдал цөөнгүй байлаа.

Монголын жүдо бөхийн холбоо саяхнаас шигшээ багтаа шинэ зөвлөхтэй болоод удаагүй байгаа. Жүдо бөхийн долдугаар дантай Хироми Томита багш 2012 оны олимпийн наадам хүртэл Монголын жүдо бөхийн холбооны шигшээ багийн зөвлөхөөр ажиллах юм. Эндээс харахад жүдо бөхийн залгамж халаа бэлтгэгдэж байгаа байдал, шүүгчдийн ур чадвар, гадаад зөвлөх гээд 2012 оны олимпийн наадмын бэлтгэл жүдо бөхийн холбооны хувьд нарийн зохион байгуулалттай үргэлжилж байгааг 2010 оны улсын аварга шалгаруулах тэмцээн харуулж байна гэхэд болно. Улсын аваргын зэрэглэлтэй тэмцээнд ийм хэмжээний анхаарал тавьж байсан тохиолдол манайд бараг үгүй.

Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа…66 кг-ын жингийн хоёр гол жүдочийн талаар хүмүүс тэмцээний өмнө илүүтэй сонирхож байв. Х.Цагаанбаатар тэмцээн болохоос долоо хоногийн өмнө баруун гартаа бэртэл авсан, М.Мияарагчаагийн бэртэл сэдэрсэн гээд тэмцээний өмнө хоёр тамирчны хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй байх магадлалтай байсан юм. Гэхдээ эмчийн үзлэг, тамирчны биеийн байдлыг харгалзаж үзээд улсын аваргын дэвжээнд гарах зөвшөөрөл өгсний дагуу хоёр бөх хоёулаа жин өгсч, 73 кг-д өрсөлдөв. Дээд жиндээ орсны учир нь бэртэл гэмтэлтэй байсан бөхчүүд жин хасах боломжгүй байсантай холбоотой.

Өнгөрсөн жилээс улсын аварга шалгаруулах тэмцээнээс хойш нэг нь дэлхийн аварга болж, нөгөө нь дэлхийн шилдгүүдийн “Masters” тэмцээний аварга болсон энэ хоёр жүдочийн хоорондоо таарч барилдахыг хүлээсэн хүн олон байсан юм. Гэхдээ сонирхолтой байж болох энэ барилдаан улсын аваргын дэвжээнд өрнөсөнгүй. Хэдийгээр Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар жиндээ нэг хэсэгт таарсан ч С.Мияарагчаа гуравдугаар тойрогтоо 73 кг-ын лидерүүдийн нэг С.Ням-Очирт шүүгчдийн саналаар ялагдсан бол Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын хувьд мөн С.Ням-Очирт ялагдаж, энэ удаагийн тэмцээнээс хүрэл медаль хүртэв. С.Ням-Очирын хувьд оны эхээр Германд болсон А зэрэглэлийн гранпри тэмцээнээс алтан медаль хүртсэн гээд энэ жилийг амжилтын хувьд сайн эхэлж байгаа.

Улсын аварга шалгаруулах тэмцээний гол баатруудын нэг, олимпийн аварга Н.Түвшинбаяр өөрийн үндсэн жин болох -100 кг-д өрсөлдөв. Олимпийн аваргын хувьд алтан медалийн төлөөх барилдаанд Японд суралцаж буй Б.Тэмүүлэнг ялж, улсын аварга боллоо. Оны эхээр болсон Европын цувралуудад тасралтгүй барилдахдаа медальгүй ирсэн ч олимпийн дараа мэс засалд орж, бэлтгэлээ зогсоосноор нэлээд жин нэмээд байсан Н.Түвшинбаяр  аваргын хувьд улсын аваргын өмнө 25 кг хасч, үндсэн жиндээ орсон байв. Өөрийнх нь хэлж байсанчлан жиндээ орно гэдэг жил гаруйн хугацаанд спортоосоо хөндийрөөд байсан түүний хувьд том амжилт юм.

Ийнхүү Спортын төв ордныг хоёр өдөр үзэгчдээр дүүргэсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ амжилттай болж, дараах жүдочид энэ оны улсын аваргын медальтнууд  боллоо.

Монголын жүдо бөхийн холбоо улсын аварга шалгаруулах тэмцээний дараагаар дахин сорил тэмцээн явуулж, тэдгээр тэмцээний нийлбэр дүнгээр илүү амжилт гаргасан тамирчныг тив, дэлхийн аваргад явуулдаг болсон тул энэ удаагийн тэмцээн жүдочдын хувьд Лондонгийн олимпийг зорих хамгийн эхний алхам юм. Өөрөөр хэлбэл, улсын аваргын сорилд сайн барилдсан бөхчүүд ирэх хоёр жилийн хугацаанд йолимпийн оноо цуглуулах тэмцээнд оролцож, олимпийн эрхийн төлөө өрсөлдөх болно.

Амжилт хүсье, жүдочид оо. Та нар олимпийн найдвар шүү.  

Тэмцээний медальтнууд:

Эрэгтэй:

60 кг:
Алт: Г.Амартүвшин /Хилчин/
Мөнгө: Ч.Болдбаатар /Женко/
Хүрэл: О.Чинбат /Хилчин/
Хүрэл: Д.Баярмагнай /Алдар/

66 кг:

Алт: Д.Хишигбаяр /Алдар/
Мөнгө: А.Батcуурь /Алдар/
Хүрэл: Д.Мөнх-Оргил /Олимп/
Хүрэл: Б.Батгэрэл /БЗД/

73 кг:
Алт: С.Ням-Очир /Хангарьд/
Мөнгө: О.Болд-Эрдэнэ /Хилчин/
Хүрэл: Х.Цагаанбаатар /Эрч/
Хүрэл: Г.Пүрэвдорж /Хүч/

81 кг:

Алт: Д.Нямхүү /Хангарьд/
Мөнгө: Б.Амбасэлмаа /Хангарьд/
Хүрэл: О.Ууганбаатар /Алдар/
Хүрэл: Д.Дагвасүрэн /ОБЕГ/

90 кг:
Алт: Б.Ариун-Эрдэнэ /Женко/
Мөнгө: С.Батбаяр /Олимп/
Хүрэл: Х.Мөнхбаяр /Хилчин/
Хүрэл: Э.Энхбат /Хангарьд/

-100 кг:
Алт: Н.Түвшинбаяр /Женко/
Мөнгө: Б.Тэмүүлэн /Женко/
Хүрэл: П.Батмөнх /Хүч/
Хүрэл: Б.Бат-Орших /Хонгор нутаг/

+100 кг:
Алт: Б.Сугаржаргал /Женко/
Мөнгө: Б.Төгөлдөр /Сүлд/
Хүрэл: А.Давааням /Хөвсгөлийн хүчтэн/
Хүрэл: Э.Энхтөр /Тэмүүжин/


Эмэгтэй:

48 кг:
Алт: Д.Бат-Эрдэнэ /ОБЕГ/
Мөнгө: Д.Уранчимэг /Женко/
Хүрэл: М.Уранцэцэг /Женко/
Хүрэл: Э.Номин /БЗД/

52 кг:
Алт: М.Бундмаа /Хүч/
Мөнгө: Б.Солонго /Хилчин/
Хүрэл: Г.Саранзаяа /Хонгор нутаг/
Хүрэл: Т.Амаржаргал /Тэмүүжин/

57 кг:

Алт: Т.Баттөгс /Хилчин/
Мөнгө: Т.Мөнгөнтуяа /Сүлд/
Хүрэл: Д.Сумъяа /Хилчин/
Хүрэл: Л.Уянга /Сүлд/

63 кг:

Алт: Д.Мөнхзаяа /Хүч/
Мөнгө: М.Нямжаргал /Женко/
Хүрэл: С.Энхзаяа /Алдар/
Хүрэл: Г.Чимэдноров /ОБЕГ/

70 кг:

Алт: О.Мөнхцэцэг /ОБЕГ/
Мөнгө: Ц.Наранжаргал /Женко/
Хүрэл: Т.Баасанжав /Хонгор нутаг/
Хүрэл: Э.Аззаяа /Хүч/

-78 кг:

Алт: П.Лхамдэгд /Женко/
Мөнгө: М.Цэндсүрэн /Дархан/
Хүрэл: Я.Дулмаа /Алдар/
Хүрэл: М.Сугар /Олимп/

+78 кг:

Алт: Д.Цэрэнханд /Алдар/
Мөнгө: Б.Мөнхтуяа /Хилчин/
Хүрэл: Б.Уянга /Женко/
Хүрэл: Я.Долгормаа /Алдар/

Багийн дүн:

 
Эрэгтэй:
Алт: Женко клуб
Мөнгө: Хангарьд клуб
Хүрэл: Алдар спорт

Эмэгтэй:

Алт: Женко клуб
Мөнгө: Хүч
Хүрэл: ОБЕГ

Б.БАДМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж