Уншигчидтайгаа санал бодлоо хуваалцахаар урхагшиж яваа нэгэн үзэгдлийг сонголоо. Хөгжиж буй нийгмийн өтөж буй сэтгэлгээний тухай бид ярилцана. Нийтлэлийг маань уншаад өөрийн бодлоо бичээрэй. Нэгийг бас эргэцүүлээрэй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал… Халуун ус тасарчихаар хэцүү шүү.
Манай хажуу айлын эмээ Майкл Жексонд маанийн ерөөл уншуулаад ирсэн гэнэ ээ. Амь шигээ хайрладаг ганц ач нь алдартай дуучны хойноос гашуудаад хоол ч идэхгүй, хүнтэй ч ярихгүй гансраад байгаа. Гайхшаа барсан хөгшин Гандан явж “будилааны эзний буцах замд” ерөөл өргөөд иржээ. Аяга цайны сүү авах гэж байсан мөнгөө аваачаад хариуд нь өгсөн юм байх. Харин хөөрхий эмээтэй зэрэгцээд хүн бүхний танил түшмэл Х хоёр хоногийн өмнө авилгалд авсан их мөнгөнөөсөө цаашаа харж уйлан, наашаа харж инээн хэсгийг тоолж аваад ялсан баатрын дүртэй даналзтал алхсаар хийдийн хаалгаар орж ирсэн байна. Лам нарын нэг өдрийн хурлыг дааж, лай ланчгаа арилгах санаатай. Санаатай ч гэж ер нь салчихаад явах бодолтой. Салдаг гэдэгтээ ч тэр итгэдэг. Нөгөө хэнээс илүү мөнгө өгчихвөл нүгэл нь навсайтал унана гэж горьдоно. Хөөрхий дөө.
Худлаа хэлж хэлчихээд, хулгай хийж хийчихээд, авилга авч авчихаад, авгай сольж сольчихоод арван цагаан буяныхаа замаар орсон хүн шиг амарлингуй дүр эсгэн хүрээ хийдийг зоригсод олон. Хэдий чинээ их нүгэл үйлдэнэ төдий чинээ өндөр суварга босгож, хэр их мөнгө зувчуулна төдий хэмжээний шоргоолж хооллон хар нүглийг нүд гялбам цасан цагаан болгож байна гэж тэд сэрүүн зүүдэлнэ. Буяныг мөнгөөр худалдан авч болдог бузгай бизнестэй, тэд.
Гэтэл Будда маань буян номын ажилтайгаа зууралдаад хийдийнхээ хойморьт завилчихаад завгүй. Хажууд нь Исүс хамаагүй менежмент сайтай. Хаалга үүд тогшино оо, амралтын өдрөөр. “Уншаад үзээрэй, уг нь үнэн шүү” гээд л ном цаас тараана. Цуглаанд нь очоод мөргөж забирлаа гэж мөнгө төгрөг авахгүй. Харин ч хоол унд өгнө. Хүүхэд залуусыг цуглуулаад баахан дуулж, хуурдана. Сургааль ном нь монгол хэл дээр, цуглаан залбирал нь монгол хэл дээр. Гэтэл хажуу айлын эмээ маанийн ерөөлөөр талийгаачдад яг юу гэж хэлдгийг мэдэхгүй. Гэсэн ч итгэнэ. Мухар сүсэг явсаар муухай бизнес болон цэцэглэж байна.
Хэн гуай хийд бариулж гэнэ ээ, сайн хүн ээ мөн. Харин нөгөө нэг түшмэл хурал ном даган баясаж, хандив мөнгө өгч гэнэ ээ, сайхан ч амьтан аа даа. Өрөвдмөөр яриа. Буян гэдэг ингэж олддог эд биш гэдгийг хэлж тайлбарлах ёстой Будда бурангуй үзэгдлийг газар авахуулаад таг чиг. Бие биенээсээ өрсөн нигүүлсэнгүй дүрийг олохоор тэмцэгч баячуудыг буяны үйлд ханцуй шамлан орооч хэмээн уриалж байгаа ч юм алга. Хийх гэж буй үйлдэл нь буян уу, нүгэл үү гэдгийг тунгаахын оронд хэзээ хойно нээрээ жоохон но-той санагдвал хэдэн төгрөг аваад хурал ном руу харайлгах мунхгийн туйл, шуналын туламнууд олширсоор л. Ар нь түүз гэдэг шиг, арилгадаг баллууртай юм чинь гэж санасаар. Болдогсон бол буяныг бөөндөөд авчих юмсан хэмээн тэчъяадан мөрөөдсөөр. Гэвч үйлийн үр гэдэг хэзээнээс наймаалцаж сураагүй хэцүү хэнхэг нөхөр хаалганы цаана анаад сууж байгааг огоорсоор. Будда бас үйлийн үрээс бултах аргагүй гэдгийг мартаагүй байлтай.
Нээрээ хажуу айлын эмээ “Хэнд зориулж унших юм?” гэж ном бичдэг хүнийг асуухаар нэрэлхээд “Нэрийг нь мартчихжээ” гэсэн гэнэ лээ. “Нэр нь мартагдсан тэр нэгэн хүнд” гээд л маанийн ерөөл уншсан байх даа.