Исинбаева хэсэг хугацаанд их спортоо орхино

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Исинбаева хэсэг хугацаанд их спортоо орхино

Олимпийн хошой аварга тулгуурт харайлтын тамирчин Елена Исинбаева тодорхой бус хугацаанд их спортоо орхихоор шийджээ. Өдгөө 27 настай Исинбаевагийн хувьд түр хугацааны энэ амралт чухал хэрэгтэй байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Тэрбээр долдугаар сард Испанийн Барселона хотод болох Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож магадгүй бөгөөд 2012 оны Лондонгийн олимп түүний дараачийн зорилго юм. Дэлхийн тавцанд олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосон тэрбээр сүүлийн үед тааруухан амжилт гаргаж байгаа билээ. Өнгөрсөн оны наймдугаар сард болсон Берлиний дэлхийн аварга, мөн өнгөрөгч сард болсон заалны спортын дэлхийн аваргаас медальгүй хоцорч, сэтгэлзүйн хувьд амралт хэрэгтэй болсон тухайгаа ярьж байсан юм. Исинбаева “Сүүлийн найман жил гаруй хугацаанд зогсолтгүй шаргуу бэлтгэл хийж, дэлхийн хэмжээнд дээд төвшинд өрсөлдлөө. Жил бүр надад амралт хэрэгтэй болдог байсан. Харин одоо цаг нь болсон гэж бодож байна. Яг одоохондоо би чухам хэзээ эргэж ирэхээ хэлэхэд бэрх байна. Ингэснээр миний зорилго өөрчлөгдөж, хувирч байгаа хэрэг биш. Миний сэтгэлд 2011 болон 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, мөн 2012 оны Лондонгийн олимп багтаж байгаа” гэжээ.
Елена Исинбаева 2004 оны Афины олимпийн наадамд аваргалж, улмаар удаахь жил нь 5,00 метр дээгүүр харайсан анхны эмэгтэй тулгуурт харайгч болсон юм. Дараа нь, 2005 болон 2007 оны дэлхийн аваргаас алтан медаль хүртэж, Бээжингийн олимпийн наадамд дахин аваргалснаар олимпийн хошой аварга болсон билээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж