Түрүүлсэн бөхөд чансааны 200 оноо олгосон Дюссельдорфын гран-при тэмцээний эхний өдөр буюу бямба гаригт Монголын жүдочид хэдийгээр алтан медаль хүртээгүй ч гурван мөнгө, хоёр хүрэл, нийт таван медаль зүүж, шагналын хур буулгасан. Харамсалтай нь, тэмцээний хоёр дахь өдөр Монголын тамирчдаас медалийн тавцанд нэрээ цоллуулж чадсангүй.
Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-д Х.Цагаанбаатар, 73 кг-д С.Ням-Очир нар мөнгө, харин эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа, 57 кг-д Д.Сумъяа нар хүрэл медалийн эзэд болсон юм. Харин өчигдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д Г.Түвшинжаргал, О.Ууганбаатар, 90 кг-д Б.Амбасэлмаа, Э.Энхбат, -100 кг-д Б.Тэмүүлэн, Н.Түвшинбаяр, +100 кг-ын жинд Н.Батсуурь, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал, +78 кг-д Д.Цэрэнханд нар зодоглосон ч бүгд хэсгийн барилдаанд дийлдсэнээр тэмцээнээ дуусгажээ.
Европын цуврал тэмцээнүүдэд зодоглохоор энэ сарын эхээр хилийн дээс алхсан жүдочид ирэх амралтын өдрөөр болох “Дэлхийн цом”-д оролцоод эх орондоо ирнэ.