Марафонч Рэдклиф бие давхар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Марафонч Рэдклиф бие давхар болжээ

Британийн алдарт хөнгөн атлетикч Пола Рэдклиф бие давхар болсон гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр 2010 оны сүүлчээр амаржих боловч эх нутагтаа болох 2012 оны зуны олимпийн наадамд оролцох бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. Эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд дэлхийн рекорд эзэмшдэг Рэдклиф ирэх есдүгээр сард амаржих ба алдарт тамирчны хоёр дахь хүүхэд нь юм. Хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр “Бид үнэхээр баяртай байгаа. Яг бидний хүсч, тооцоолж байснаар бүр зүйл бүтэж байгаа нь үнэхээр азтай хэрэг. Бид энэ жилдээ хүүхэдтэй болох юмсан гэж хүсч байлаа. Харин эргээд 2011 онд уралдааны талбарт гарах болно” гэжээ.
Рэдклиф болон түүний нөхөр Гари Лоф нарын анхны охин Айла нь 2007 оны нэгдүгээр сард төрсөн бөгөөд түүнээс хойш Рэдклиф төдийлөн өндөр амжилт гаргаж чадаагүй юм. Тэрбээр 2003 оны Лондонгийн марафонд түрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, улмаар 2005 онд марафон гүйлтийн дэлхийн аварга болсон юм. Харамсалтай нь 2008 оны Бээжингийн олимпод 23-р байрт шалгарсан билээ. Гэмтлийн улмаас тааруухан амжилт гаргасан тэрбээр өнгөрсөн жилийн дэлхийн аваргыг өнжсөн бөгөөд 2009 оны Нью-Йоркийн марафонд дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Түүнээс хойш Рэдклиф дахин уралдаагүй бөгөөд PA-гийн мэдээлснээр хэдийгээр гэмтэл нь бүрэн эдгээгүй боловч Рэдклиф бэлтгэл сургуулилтаа тасралтгүй үргэлжлүүлж, саяхныг хүртэл АНУ-д дэлхийн топ зэрэглэлийн тамирчдын хамт бэлтгэлээ хийж байсан гэнэ.
С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж