Хятадын төлөөлөгч Сирид айлчлав

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Хятадын төлөөлөгч Сирид айлчлав

Хятадын тусгай төлөөлөгч Сирийн Засгийн газрын албаны хүмүүстэй уулзаж, сөргөлдөгч талуудыг цуст мөргөлдөөнөө зогсоохыг уриалан Бээжингийн байр суурийг илэрхийлжээ.  Хятадын Гадаад хэргийн дэд сайд Зэй Жуны айлчлал НҮБ-ын Ерөнхий Ассамблей Сирийн асуудлаар санал хураалт явуулсны дараа эхэлсэн юм. Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг огцруулж, цус асгаруулсан мөргөлдөөнийг нэн даруй зогсоох арга хэмжээ авах Араб лигийн саналыг Хятад, ОХУ эсэргүүцсэн. Хятадын тусгай төлөөлөгчийг Дамаскад айлчлахаас өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн тус улсад айлчилсан билээ. Сирийн худалдаа, эдийн засгийн томоохон түнш орнууд Хятад, ОХУ тус улсын Ерөнхийлөгчийг огцруулж, шинэ дэглэм тогтоохыг эсэргүүцэж байгаа юм. Сирийн сөргөлдөөний голомт Хомс хотод Засгийн газрын цэргүүд босогчид, энгийн иргэдийг ялгалгүй бөмбөгдөж байгаа талаар сөрөг хүчнийхэн мэдээлсэн байна. Сирид гадаадын хэвлэл мэдээллийнхнийг оруулахыг хориглосон тул нөхцөл байдал ямар байгааг таамаглах аргагүй аж. Хятадын Гадаад хэргийн дэд сайд Сирийн Засгийн газрын ямар албан тушаалтантай уулзсан нь тодорхойгүй байгаа бөгөөд айлчлалын үр дүнгийн талаар мэдээлээгүй гэнэ. Бээжин Башар Аль-Ассадын дэглэмийг унагалгүйгээр гал зогсоож, улс төрийн хямралыг эвээр шийдэх гарц хайж байгаа аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж