Хандивын тоглолт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Хандивын тоглолт зохион байгуулна

Япон улсад тохиолдсон байгалийн гамшгийн нөлөөгөөр ард түмэнд нь нөхөж баршгүй гарз хохирол учраад байгаа билээ. Энэ хүнд хэцүү цаг мөчид хандивын аяныг дэлхий нийтээрээ өрнүүлж эхэлсэн. Дархан-Уул аймагт хандив тусламжийн үйл ажиллагаа эрчимтэй үргэлжилж өчигдөр “Нарны хүүхдүүд” халамжийн төвийн хүүхдүүдийн санаачилга, аймгийн ИТХ-ын дэмжлэгтэйгээр хандивын тоглолтыг зохион байгуулахаар болсноо сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдлээ.
2002 оноос эхлэн “Өсөх нахиа” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн Нарны хүүхдүүд халамжийн төвд өнөөдрийн байдлаар 40 хүүхэд амьдардаг бол халамжийн цэцэрлэгийн бүлэгт нь 100 гаруй хүүхэд хүмүүждэг байна. Харин тус халамжийн төвөөс гараад оюутан болсон 15 хүүхэд байдаг юм. Тэдгээрийн сургалтын төлбөрөөс эхлээд халамжийн төвийн үйл ажиллагаанд Япончууд маш их тусалдаг. Тухайлбал, ихэнх хүүхдүүд нь япон аав, ээж гэр бүлтэй болжээ. Ихэвчлэн хагас бүтэн өнчин хүүхдүүд энд байдаг болохоор хүүхдүүдийн хувьд хамгийн дотны хүмүүс нь япон гэр бүлийнхэн нь байдаг ажээ. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 11 удаа Япон улсад авъяаслаг хүүхдүүд үндэсний урлагаа сурталчлан тоглолт хийж, олсон ашгаараа өөрсдийнхөө хувцас хэрэглэл, цэцэрлэгийн халамжийн бүлгийн дүү нарынхаа хоолны мөнгийг олдог байсан гэнэ. Урд өмнө нь дандаа Япончууд тэдэнд тусалдаг байсан бол энэ удаад хүүхдүүд японы ард түмэнд туслахын тулд хандивын тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн энэхүү тоглолтонд тус халамжийн төвийн хүүхдүүдээс гадна Тэнгэр аялгуу үндэсний хөгжмийн хамтлаг, Залуучууд театрын уран бүтээлчид оролцох юм. Хандивын тоглолтыг Орхон продакшн хамтран зохион байгуулахаар болжээ.
Монголчуудад хамгийн их буцалтгүй тусламж үзүүлж, тусламжийн гараа сунгадаг ард түмэн бол Япончууд. Тиймээс ч нийт дарханчуудыгаа энэхүү тоглолтын тасалбарыг худалдан авч, японы ард түмэнд хандив үзүүлэхийг уриалж байгаагаа хэллээ. Мөн тэдний гаргасан уриалгыг дэмжин ажилласан Төмөрлөгийн үйлдвэр, Силикат ХК, нэхий ХК, Дархан ус суваг ХК болон ДДЦС-ын хамт олонд баярласан сэтгэлээ энэ үеэр илэрхийлж байсан. Мөн ХХБ-ны 403,093,953 гэсэн хандивын дансыг нээсэн байна. Тоглолт энэ сарын 20-ны өдөр 14:00 болон 16:00 цагаас Дархан хотын Залуучууд театрт болох юм.
М.Дэлгэржаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж