Шинэ удирдагчдын PR буюу Зиньпинийн айлчлал

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Шинэ удирдагчдын PR буюу Зиньпинийн айлчлал

АНУ-д албан айлчлал хийж байгаа Хятадын дэд ерөнхийлөгч Си Зинпинь аялалынхаа төгсгөлд Айова мужаас Калифорни мужийн Лос Анжелес хотноо хүрэлцэн очлоо. Тэрээр тус мужийн амбан захирагч Жерри Броунтай уулзсан бөгөөд зарим мэдээллийн эх сурвалжийн мэдээлснээс үзэхэд ажил хэргийн томоохон яриа хэлэлцээ айлчлалын сүүлийн хоногуудын төлөвлөгөөнд багтсан бололтой байна. Хятадын дэд ерөнхийлөгчийн энэхүү долоо хоног үргэлжилсэн томхон аялалынхаа эхлэлийг Вашингтон хотоос эхэлсэн бөгөөд тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон АНУ-ын батлан хамгаалахын ерөнхий нарийн бичгийн дарга Лион Панетта нартай уулзаж байсан юм.

Тэгвэл түүний айлчлалын сүүлийн өдрүүдийн төлөвлөгөөнд арай хөнгөн маягийн хөтөлбөрүүд буюу олны анхааралд өртөхөөр сонирхолтой ажлууд төлөвлөгджээ. Хятадын дэд ерөнхитйлөгч америкийн NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтыг үзэхээр өөрийн аялалын төлөвлөгаанд багтаасан байна. Мөн тэрээр алдарт хүүхэлдэйн кинонуудыг бүтээж байсан DreamWorks Animation студид зочлохоор болсон болж байгаа юм. Гэхдээ энэ айлчлалынхаа үеэр зүгээр нэг сонирхоод өнгөрөхгүй, харин Шанхай хотод тус аварга студийн салбарыг бий болгон ажиллуулах тухай ажил хэргийн хэлэлцээ хийх болно гэж Франс Пресс агентлаг мэдээлжээ.

Энэ бүхний ха­жуугаар Хятадын дэд ерөнхийлөгч Кали­фор­ни мужид зохион байгуулагдах эдийн засгийн форумд ч мөн оролцож амжих гэнэ. Дэд ерөнхийлөгч Си Зиньпинийн өөрийх нь хэлж байгаагаар бол Лос Анжелесийн усан боомтоор хийх аялал түүний АНУ-д хийж байгаа айлч­ла­лых нь хамгийн чу­хал үр дүнгийн нэг нь байх гэнэ. Тэрээр хэлэхдээ,”Энэ боом­тоор зорчих болсон нь АНУ болон Хята­дын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүйд зориулсан томоохон хөрөнгө оруулалт болно” гэж хэлсэн байна. Энэ нь ч бас зүгээр нэг хэлчихсэн үг биш бололтой.Олонхи эх сурвалжийн баталж байгаагаар бол өдгөө 58 нас хүрч байгаа Си Зиньпинь нь энэ оны сүүлээр Хятадын Коммунист намын даргын албан тушаалаа болон ирэх онд ерөнхийлөгчийн албаа өгөх одоогийн ерөнхийлөгч Ху Жиньтаогийн орыг залгамжлах нь тодорхой байгаа ажээ. 

Өнгөрсөн жилийн наймдугаар сард БНХАУ-д албан айлчлал хийсэн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жон Байденийн урилгаар ийнхүү Си Зиньпин хариу айлчилж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлал нь АНУ болон Хятадын хооронд илүү нягт харилцааг бий болгож, ингэснээрээ үл ойлголцох байдлыг багасгана гэж үзэж байгаа гэнэ. Түүгээр ч зогсохгүй дэлхийн хамгийн том эдийн засагтай энэ хоёр орны харилцааны түүхэн шинэ гарааг энэ айлчлалаар эхлүүлж байгаа бөгөөд харилцан ашигтай ашиг сонирхол дээр тулгуурлах энэ үйл явц нь зогсоож үл болох гол ус мэт зөвхөн урагшаа тэмүүлж байх болно гэж Хятадын дэд ерөнхийлөгч хэлсэн байна.

Мөн дээрхи урам зориг бүхий үгсийн хажуугаар АНУ болон Хятадын хооронд үүссэн зарим нэг эмзэг сэдэв тухайлбал, хүний эрхийн болон эдийн засаг,аюулгүй байдлын асуудлыг ч бас хөндсөн байна.Хятадын дэд ерөнхийлөгч хэлэхдээ хүний эрхийн асуудлыг урагшлуулах боломж байгаа гэж дурдаад сүүлийн гучин жилийн дотор Хятад улс энэ салбарт гайхалтай бөгөөд олон нийтэд танигдахуйц үр дүнд хүрсэн гэсэн аж. Ямар ч байсан Хятадын дэд ерөнхийлөгчийн айлчлал жирийн америкчууд болон өрнөдийнхний дунд бас ч гэж гайгүй сэтгэгдэл төрүүлээд амжив бололтой. Си Зиньпин өмнө нь буюу аль 1985 онд 31 настай байхдаа албан ажлын шугамаар очиж байсан Айова мужийн Мускитан хотод эргэн ирсэн явдал нь түүнийг хувь хүнийхээ хувьд зөөлөн, уян сэтгэлтэй гэх ойлголтыг америкчуудад төрүүлсэн гэнэ. Олон жилийн өмнө Хятадын дэд ерөнхийлөгчийг угтан авч байсан айлын эзэгтэй энэ талаар ярихдаа, “Тэр анх ирэхдээ л сэтгэл татам эелдэг залуу байсан. Олон жилийн дараа ч тэр хэвээрээ байна.Түүнийг зочилж ирэхэд тун сайхан байлаа” гэжээ. Айлчлалынхаа үеэр Си Зиньпин олон жилийн өмнө зочилж бахйсан айлуудаараа орж,хөдөө аж ахуйн ферм дээр очин трактор унасан зэрэг нь жирийн хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлсэн бололтой..

Жирийн иргэдэд төрүүлсэн сэтгэгдэл чухал ч эцсийн дүндээ дээрхи хоёр орны улс төрийн дээд төвшинд ямар ойлголцол бий болсон нь илүү чухал биз ээ. Эхний өдрүүдэд болсон уулзалтаас харахад АНУ болон Хятадын удирдагчдын дунд зарим нэг асуудал зөрөлдөөнтэй хэвээрээ байгаа нь тод харагдаж байлаа. Тухайлбал , Сирийн асуудлаар хоёр орны байр суурь эрс тэс болох нь тодорхой байсан бөгөөд Хятад улс Сирийн талаар гаргасан НҮБ-ын шийдвэрийг дэмжихгүй байгаа байр сууриа цаашид ч хадгалах нь ойлгомжтой болжээ. Хүний эрхийн асуудлаар тэр дундаа Төвдийн тэмцэгчдийн хөдөлгөөнийг нухчин дарж байгаа явдалд санаа зовж байгаагаа Си Зиньпинтэй уулзах үеэрээ Барак Обама тодорхой хэлжээ.Харин Хятадын дэд ерөнхийлөгч Дундад улсын хувьд одоо байгаа хүний эрхийн төвшин бол их амжилт юм хэмээн “зөрүүдэлсэн” билээ.

Нөгөө талаар эдийн засгийн харилцааны асуудлаар олон жил хоёр орны хоорон д хэрүүл тарьж байгаа “алим” ч бас час улаанаараа үлдэв бололтой.АНУ-ын зүгээс хятадын тал валютийн бодлогоо шударга явуулахгүй байгаагаас болж ихээхэн хэмжээний хохирол учирч байгааг энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама  цохон дурдаж, энэ асуудалд анхаарал тавихыг уриалсан байна. Тэрээр Хятадын дэд ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ,”Бид Хятадтай хамтарч ажиллахыг хүсэж байгаагийн дээр бидний аль аль нь “тоглоомын” нэг л дүрмээр тоглохыг хүсэж байна.Ялангуяа дэлхийн эдийн засгийн асуудалд энэ их чухал” гэж хэлсэн аж. Тэр дундаа зөвхөн дээрхи хоёр орны хоорондын худалдаа төдийгүй олон улсын худалдаанд тэнцвэржүүлэлтийг бий болгох зайлшгүй шаардлага байгаа гэж Обама дурджээ.Харин Хятадын дэд ерөнхийдлөгч энэ асуудлаар тодорхой байр суурь илэрхийлээгүй гэхэд болно.

Эцсийн дүндээ Хятадын дэд ерөнхийлөгчийн айлчлал гадаад талдаа бий болгосон хүлээлтээс илүү хятадуудын өөрсдийх нь хүмэн хүлээж байсан үр дүнг бий болгож чадсан гэлтэй. Си Зиньпинийн айлчлалын өмнөхөн Европын Холбооны дээд удирдлагуудын зүгээс Хятад улсын өнөөгийн байр суурь нь олон улсын хэмжээнд хичнээн нөлөөтэй болсон талаар томоохон дүгнэлтүүдийг өгч байсан бол АНУ-ын дээд удирдлагууд ч бас Хятадын байр суурийг нэлээд дөвийлгөн харуулахаар мэдэгдлүүд хийсэн байна. Тухайлбал, Барак Обама өөрийн үгэндээ АНУ-ын хувьд Хятад улстай сайн харилцаатай байх нь амин чухал зүйл болж байдаг талаар дурдсан нь маш том үнэлгээ болсон гэлтэй.

Нэг үгээр хэлбэл  АНУ-д хийсэн айлчлалын дараа Хятадын тал өөрсдийн нэр хүндийн төвшинг ихээхэн ахиулсан чамгүй олз омогтой байсан төдийгүй, ирэх жилээс халаа солио орж байгаа Дундад улсын шинэ удирдагч нарыг олон улсын тавцанд таниулах гэсэн том “пи-ар”-ийн дорвитой нэгэн алхам хийсэн явдал болов. Энэ “пи-ар”-ийн аялал Хойд Америкаас гарч тун удахгүй будант Альбионийн арлуудыг зорих бөгөөд Ирландад хийх айлчлалынхаа дараа Хятадын дэд ерөнхийлөгч Европын зүг жолоогоо эргүүлж Туркэд очих ажээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж