Төв аймгаас “Гэгээн Муза” наадамд оролцохоор “Монгол туургатан” театр бяцхан үзэгчдэд бэлэгтэй иржээ. Тэд энэ сарын өнөөдрөөс эхлэн ирэх дөрөвдүгээр сарын 10 хүртэл “Хүүхэд залуучуудын ордон”-д “Миний чин зоригт бяцхан найз” жүжгээ тоглох юм байна. Ч.Нацагдоржийн зохиол, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуягийн найруулгаар “Миний чин зоригт бяцхан найз” жүжгийг өнгөрөгч онд Төв аймгийн багачуудад сонирхуулсан нь бяцхан үзэгчдийн сэтгэлд ихэд нийцжээ. Тиймээс тус театрын залуу уран бүтээлчид нийслэлийн хүүхэд, багачуудад энэхүү жүжгээ толилуулахаар шийджээ. Ойн амьтдын адал явдал, үнэнч нөхөрлөлийг өгүүлдэг жүжгийг цэцэрлэгийн ахлах ангийнхан болон бага ангийн сурагчдад зориулсан юм байна. Харин тус жүжиг “Гэгээн муза” наадмын эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 27-нд 15.00 цагт Хүүхэлдэйн театрын тайзнаа тоглох ажээ.
Г.Даша