Багш нарын дунд ур чадварын уралдаан болж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Багш нарын дунд ур чадварын уралдаан болж байна

Дархан-Уул аймгийн нийт бага ангийн багш нарын дунд заах арга, ур чадварын уралдаан болж байна. Энэ жилийн уралдаан ирэх жил улсын хэмжээнд болох бага ангийн багш нарын ур чадварын уралдааны бэлтгэл ажил болж явагдаж байгаагаараа онцлог. Өмнөх жил зөвхөн зургаан настангуудад хичээл зааж байгаа багш нарын дунд зохиогдож байсан бол энэ удаагийн уралдаанд сургууль бүрээс шалгарсан нэг багш оролцож, ур чадвараараа өрсөлдөж байна. Нийтдээ 19 багш заах арга, ур чадварын уралдаанд оролцов. Ялангуяа бага ангийн багш нар хүүхдэд тоглоом хэлбэрээр, тэдний өөрсдийн оролцоонд тулгуурлан хичээлээ явуулж байна. Мөн орчин үеийн ололт, дэвшилт, цахим аргыг сургалтын хэрэглэгдэхүүндээ нэвтрүүлэх нь нэмэгджээ. Багш бүр заах хичээл, анги, сэдвээ сугалан ердөө дөчхөн минутын өмнө бэлтгэн, орж байгаа нь тэдний ур чадварыг сайтар сорьж байгаа хэрэг боллоо.
Бага ангийн багш нарын заах арга, ур чадварын уралдааныг зохион байгуулахдаа 15-р дунд сургуулийг сонгон явуулж байгаа нь учиртай гэнэ. Уралдаанд оролцогч багш нар тус сургуулийн бага ангийн сурагчид ихээхэн идэвхитэй хичээлд оролцож байгааг хэллээ. Түүний зэрэгцээ хүүхдүүдийн оролцоо жигд, мэдлэгийн ерөнхий түвшинг ч сайн байна хэмээн үнэлсэн байна. Мөн математик сонины нэрэмжит математикийн стандартын олимпиадад ч тус сургуулийн таван хүүхэд эхний байруудад шалгарсан амжилтыг хэдхэн хоногийн өмнө үзүүлжээ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж