Хөвсгөлд хоёр хүүхэд сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд хоёр хүүхэд сураггүй алга болжээ

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын дунд сургуулийн сурагчдын дотуур байранд амьдардаг 9 дүгээр ангийн хоёр сурагч энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө дотуур байрнаасаа гарч яваад сураггүй болсон байна. Уг мэдээллийн дагуу сум, орон нутгаас 10 хүн, 2 авто машинтайгаар эрэн хайж байгаа аж. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад н.Даваасүрэнгээс эрлийн багийнхан хүүдүүдийг олсон эсэх талаар тодрууллаа.

-Баянзүрх суманд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дотуур байрнаасаа гарч яваад хоёр хоног сураггүй байгаа гэнэ. Эрлийн багийнхан хүүдүүдийг олсон уу?

-Дөнгөж сая сумын цагдаагийн төлөөлөгч, сургуулийн удирдлагуудаас томилогдсон эрлийн багийнхан сураг гаргасан байна. Ямар ч байсан эсэн мэнд байна. Сумын төвөөс баруун хойд зүгт 30 гаруй км газар буюу “Харгана” гэдэг газарт хаваржиж буй н.Дашин гэдэг айлд хоноод өглөө гарсан гэнэ. Эрлийн багийнхан араас нь цаг алдалгүй гарсан болохоор хүүхдүүдийг удахгүй олно байх.

-Яагаад сургуулийн дотуур байрнаасаа орсон юм бол?

-Энэ талаар одоогоор хэлж мэдэхгүй. Хүүхдүүдтэй уулзаж, өөрсдөөс нь мэдээлэл авсны дараа тодорхой болох байх. Хөдөө байдаг гэрлүүгээ харьж байсан бололтой.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж