Дэлхийн хамгийн хүчирхэг нь

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн хүчирхэг нь

Гар
бол хүний хамгийн гайхамшигт эрхтэн. Та өөрийгөө гаргүй гээд төсөөлөөд
үз дээ. Ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй, хүрч мэдрэх ямар ч боломжгүй 
бол та яах вэ? Эсвэл та хөлгүйгээр өөрийгөө төсөөлж чадах уу? Бүжиглэж,
алхаж чадахгүй, эсвэл өндрөөс өндөрт ч үсэрч чадахгүй гэвэл ямар вэ? Та
бидний төсөөлж ч чадахгүй нөхцөлд дэлхийн хаа нэгтээ хүн амьдарч байгаа
гэвэл итгэх үү. Тэгвэл итгэх л хэрэгтэй болж. Гар, хөлгүйгээр тэр
гайхамшгийг бүтээж, өөрийн амьдралаа цогцлоож, басхүү бүтээж явна

Та
бүхэн Ник Ник Вуйчичтэй танилцацгаа. 1982 оны арванхоёрдугаар сарын
4-нд Австрали улсын Мелбурн хотод төржээ. Тэрээр гар, хөлгүй энэ хорвоод
мэндэлжээ. Эмч нар үүнийг ургийн дутуу хөгжил, маш ховор тохиолдох
өвчин гэж эцэг эхэд нь тайлбарласан гэдэг. “Танай хүү ээжийгээ
өвтгөхгүйгээр төрсөн сайн хүүхэд юм. Гэхдээ танай хүү гар, хөлгүй
төрсөн, уучлаарай гэж надад хэлсэн. Би юу ч хэлж чадаагүй. Нааш,
цаашаагаа холхиж байгаад тэр давхараас бууснаа санадаг юм. Би үүнд
итгэхийг хүсээгүй. Түүний өмнө ямар нэгэн гэм хийчихсэн ч юм шиг. Ямар ч
байсан нулимс өөрийн эрхгүй асгарч байснаа санадаг” гэж түүний аав ярьж
байсан аж. Хэдийгээр түүний эцэг, эхийн удамд ямар нэгэн удамшлын өвчин
байгаагүй ч Ник жирийн хүмүүсээс содон, онцгой төрсөн нэгэн. Хожим
ээжийнх нь дурсан ярьсанаар жирэмсэн байхдаа ээж нь янз бүрийн эм
хэрэглэн, тостой хоол идэж байснаас болсон гэж дурссан байдаг. Гэхдээ
үүнийг хэн ч батлаагүй. Эмч нар ч тухайн үедээ гайхацгааж байсан гэдэг.
Никийг
өсч томрох үед эцэг эх нь ганцхан зүйлд санаа зовоцгоож байжээ. Хүү нь
жирийн хүн шиг аз жаргалтай амьдарч чадах болов уу, гэж. Тухайн үедээ
зөвхөн Австрали төдийгүй дэлхийд танигдах, онцгой нэгэн болохыг нь аав,
ээж нь тааварлаж байгаагүй гэдэг. Түүний мэндэлсэн Викториа дүүрэгт
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг жирийн сургуульд суралцуулах тухай хууль
батлагдаагүй байжээ. Жирийн сургуулийн багш нар ч эрс дургүйцэж, та
бүхэн тусгай сургуульд хандсан нь дээр байх гэж эцэг, эхэд нь хэлж
байсан гэдэг. “Ингэж хэлэхэд манай хүүгийн царай ямар болж байсныг нь би
одоо ч мартдаггүй. Бид нулимсаа түүнээс нууж байлаа. Гэхдээ хүү минь
хэзээ ч бууж өгөөгүй үргэлж инээдэг байсан” гэж түүний ээж дурсан ярьж
байсан гэдэг.

Ник
найман нас хүрэх жилдээ сургуульд орохоор боллоо. Гэхдээ хүссэн хүн
болгон сурч болох жирийн сургуульд сурахаар болсон юм. Түүнийг жирийн
хүүхдүүдтэй ижил төвшинд сургахын тулд ээж, аав нь тусгай электрон гарыг
захиалгаар хийлгэсэн байна. Жижигхэн Никэд энэ гар нь маш хүнд байсан
гэдэг. Зарим сахилгагүй хүүхдүүд түүний гарыг нуучихаад гаргаж өгдөггүй
байсан тохиолдол ч байжээ. Никийг жирийн сургуульд орсоных нь дараа
Викториа хотынхон хуулиндаа өөрчлөлт оруулж, удалгүй Австрали даяар энэ
хуулийг хүчингүй болгосон ажээ. Хүсч хүлээн байж орсон сургууль нь
Никийн бодсоноос огт өөр ертөнц байлаа. Хүүхдүүд сургуулийн урд
талбайдаа тоглоно, өөрийн хүрээлэл үүсгэсэн хүүхдүүд бүгд түүнийг
шоолно. Сургуульд нь байгаа хүүхэд бүр түүнээс өөр болохоор тэр гуниглаж
эхэлсэн байна. Үүнийг түүний эцэг, эх нь харж байлаа. “Гэртээ нэг л
урвагар орж ирнэ. Тэгээд өрөөндөө ороод л дуугай суучихдаг байсан.
Түүний уйлж байгааг би олон ч удаа сонссон доо” гэж түүний ээж ярьж
байлаа. Удалгүй Ник амиа хорлох гэж оролдож үзжээ. Өрөөнийхөө цонхоор
үсрэх гэж, эсвэл бүр өндрөөс унах гэж ч оролдож үзсэн байна. Түүний ийм
ааш авир гаргаж байгааг ч эцэг, эх нь ойлгожээ. Бүтэн өдөр гэр бүлээрээ
зөвлөлдсөний эцэст Никийг тусгайлсан сэтгэл зүйчтэй болгосон гэдэг.
Түүний хүсэл мөрөөдөл, сэтгэл дотроо байгаа бүх зүйлээ хуваалцаж сэтгэл
гутралаас нь гаргахын тулд бүх аргыг хэрэглэж байлаа.

Сургууль
дээрээ өөрийн гэсэн найзгүй байсан бяцхан Ник удалгүй өмнөхөөсөө
дээрдэж, нүдэнд нь оч гэрэлтэж эхлэв. Хүссэн бүхнээ ярьдаг, итгэж болох
цорын ганц хүн нь түүний сэтгэл зүйч нь болсон байна. Библийн сургаалийг
өдөр алгасахгүй уншсаар тэр бурхан гэж байдагт итгэдэг болов. Эцэг,
эхтэйгээ хамт сүмд амралтын өдөр болгон очиж залбирал үйлддэг заншилтай ч
болсон гэдэг. “Би анх сүмд очиж байснаа одоо болтол санадаг. Есүс
Христийн баримлаас би огтхон ч хараагаа салгалгүйгээр гар, хөлтэй болгож
өгөхийг хүсэн залбирсан. Тэгээд анх удаа ганцаараа пастор дээр орсон
юм. Би яагаад намайг гаргүй, хөлгүй болгож төрүүлсэн юм бэ? гэж асуулаа.
Тэгтэл чи үүнд санаа зовох хэрэггүй ээ, хүү минь гээд санаа алдаж
билээ. Би ч бүр бурханд итгэхээ болиод гарсандаа” гэж Ник хожим дурссан
байна.

Сүмээс
гарч ирээд ээж, аав руугаа харж байгаад “Бурхан намайг мартсан” гэж
хашхирч байсан гэдэг. Хэдэн сарын дараа тэрээр Библийг дахин уншиж
эхэлсэн байна. Тэгээд дахин сүмд явж эхлэв. Үүнээс хойш тэрээр Бурхан
байдаг гэдэгт хэзээ ч эргэлзэхээргүй болжээ.

Ник өсч томрохын
хэрээр бусад хүмүүстай адил байхыг улам л хүсэх болов. Хэний ч
оролцоогүйгээр шүдээ угааж, усанд орон, үсээ угааж, компьютер дээр ямар
нэгэн юм хийж, усанд сэлэн, спортоор хичээллэхийг хүсч эхэлсэн байна.
Тэрээр энэ бүх байдлыг хүндээр тусгаж авсангүй. Бүгдийг өөрөө хийхийг
хичээж өдөр бүр дасгал хийдэг болжээ. Удалгүй тэрээр хэний ч 
оролцоогүйгээр энэ бүгдийг хийдэг болсон байна. Никийг долдугаар ангид
ордог жил түүнийг сурагчдын зөвлөлийн даргаар томилжээ. Сүүлийн гурван
жил үзүүлсэн сурлагын амжилтыг нь харгалзан түүнийг ийм сонгуульт ажилд
томилсон гэдэг. Энэ мөчөөс эхлэн түүний бүгдэд өөрийгөө зөвхөн энэ
байдлаараа таниулж, хэн нэгэнд хүсэл мөрөөдлөөс ч илүү зүйл байдгийг
ойлгуулахыг хичээх болжээ. Анх удаа тэрээр сургуулийнхаа 5000 гаруй
сурагчдад илтгэл тавьжээ.

Анхны илтгэл нь “Унасан ч ямар нэгэн
аргаар бос” гэдэг сэдэвтэй байлаа. Түүнийг анхны илтгэлээ тавьсаны дараа
сургуулийнхан нь түүнийг өөр нүдээр харах болжээ. Түүнд туслах гэсэн,
найзлах гэсэн хүсэлтэй хүүхдүүд олон болов. Өөр мужийн дунд сургуулийн
багш нар ч энэ тухай сонсон өөрсдийнхөө сургуульд урилгаар илтгэл
тавиулах урилга хүртэл ирүүлэх болсон байна. Бүр орон нутгийн сайн дурын
ажилд толгойлон оролцож, Мелбурн хотын бүх сургууль, олон нийтийн
байгууллагад урилгаар илтгэлээ тавьжээ. Хэдэн жилийн өмнө өөрийн гэсэн
найз нөхдийн хүрээлэлгүй байсан түүнийг мянга, мянган хүн таньдаг болов.
Өөр сургуульд сурдаг үе тэнгийн найзуудаас нь байнга захиа ирж,
сургуулийнх нь хүүхдүүд түүний ажилд туслан гэрт нь хүргэдэг, гэр бүлд
нь тусалдаг болсон байна. Никийн гэр бүлийнхэний түүнд санаа зовж байсан
нь бахархах сэтгэлээр өөрчлөгдөн түүний сайн дурын ажилд туслах болсон
гэдэг.
Никийг 19 нас хүрч сургуулиа төгссөний дараа маш олон
сургуулиас урилга ирж, тэтгэлэгт хамруулахыг хүсч байжээ. Тэрээр
Мельбурн хотын их сургуульд орж, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн
удирдлага гэсэн хоёр мэргэжлээр нэг зэрэг бакалаврын зэрэг эзэмшжээ. Энэ
нь тухайн үедээ энгийн хүн ч хийж чаддаггүй хэцүү зүйлийн тоонд
тооцогддог байсан гэдэг. Гэтэл тэр үүнийг биелүүлж Мельбурны их
сургуулийн хүндэтгэлийн дэвтэрт нэрээ мөнхөлж, Мельбурны оны онцлох
оюутнаар тодорч байжээ. Сургуульдаа сурахын хажуугаар олон нийтийн ажлаа
ч тэр орхисонгүй. Австрали улсын өнцөг булан бүрээр аялан оюутан,
залуус, ард иргэдэд үнэ төлбөргүй лекц уншдаг байжээ. Түүнийг Австралид
лекц уншиж байсныг харсан АНУ-ын бизнесмэн түүнд санал тавьсанаар АНУ-ын
Вашингтон хотын их сургуулийн оюутнуудад лекц уншихаар болсон байна.
Дөрөвдүгээр курсдээ АНУ-д очсон түүнийг АНУ даяар лекц тавиулах санал
ирсэн ч төгсөх ангийн оюутан гэдгээ ойлгуулсанаар түр хойшлуулсан байна.

Сургуулиа
төгсөөд тэр АНУ-ын хот бүрээр тойрч лекцээ тавьж эхлэв. Анх дэлхийд
ингэж танигдсан тэрээр одоо дэлхийн 35 улсад лекцээ тавьсан дэлхийн
хэмжээний уран илтгэгчдийн нэг болжээ. Австралийн ерөнхий сайд, Японы
эзэн хаан, АНУ-н төрийн департаментийн дарга, улс бүрийн төрийн
тэргүүнүүд гээд түүний уулзсан хүн цөөнгүй. Дэлхий даяар уншсан
лекцээрээ тэр 10 цуврал DVD гаргасан бөгөөд үүгээрээ чамгүй ашиг олсон
гэдэг. Энэ бүх амжилтыг нь харгалзан 2005 онд түүнийг “Австралийн шилдэг
залуу” шагналд нэр дэвшүүлжээ. Австралийн хамгийн нэр хүндтэй шагналын
нэгэнд тооцогддог энэхүү шагналд нэр дэвшсэн хамгийн анхны хөгжлийн
бэрхшээлтэй хүнээр тэр тодорсон юм. Одоог хүртэл түүнээс өөр хөгжлийн
бэрхшээлтэй хүн энэ шагналд нэр дэвшээгүй байна. Энэ шагналд нэр
дэвшсэнээс хойш тэрээр Австралийн хамгийн алдартай хүмүүсийн нэг болжээ.

Тэрээр
зөвхөн лекц уншиж байсангүй. Хэсэг найзуудтайгаа нийлэн санхүүгийн
зөвлөгөө өгдөг компани байгуулжээ. Түүний компанийн зөвлөгөөг авахын
тулд зөвхөн Австрали ч биш, дэлхийн өнцөг булан бүрээс компаниуд урьдаг
байна. Австралийн хамгийн том гэгдэх бүх компаниуд түүний санхүүгийн
зөвлөгөөг сонгодог бөгөөд Австралын Сангийн яаманд зөвлөгөө бүхий бичиг
өгч ч байсан удаатай. Тийм учраас санхүүгийн зөвлөгөө өгөх компанийнхаа
салбарыг АНУ-ын Калифорни мужид байгуулжээ. Мөн тэрээр Австралийн
хамгийн том ашгийн төлөө бус олон улсын байгууллагын ерөнхийлөгч гэсэн
албан тушаалтай аж. Тэрээр үнэ төлбөргүй лекц уншиж, компанийн үйл
ажиллагаанаас олсон мөнгөө сайн дурын ажилдаа зарцуулдаг байна. Дэлхийн
өнцөг булан бүрээр аялж сая, сая хүмүүстэй танилцахынхаа хэрээр түүний
ертөнцийг үзэх үзэл өөрчлөгджээ. Дэлхийд тэр ганцаараа биш гэдгийг
ойлгон, дэлхийн өнцөг булан бүрт байгаа ядарсан, зовсон хүн бүрт туслах,
залуучуудад зөвлөгөө өгөх ёстой гэдгээ ухаарсан байна.

Тэрээр
олон улсын сайн дурын байгууллага байгуулж, дэлхий нийтэд хандсан үйл
ажиллагааны хөтөлбөрийн санаагаа зөвхөн улсаас, улс дамжин аялж байхдаа
бодож олжээ. Кени улсын дэд ерөнхийлөгч түүний лекцийг ард иргэддээ
сонсгох үүднээс албан ёсоор хүлээн авч, тусгай хөтөлбөрийн дагуу
улсаараа аялуулсан байна. Кенийн дэд ерөнхийлөгч түүнийг санхүүгийн
өндөр мэдлэгтэйг нь мэддэг байсан бөгөөд түүнээс эдийн засгийн
ямаршуухан өөрчлөлтийг нутагтаа хийх тухайгаа асууж байсан гэдэг. Нэг
сарын турш Кенид тэрээр эдийн засгийн зөвлөгөө өгөхөөс гадна, залуус
болоод цэргийн ажилтнуудад лекцээ үнэ төлбөргүй сонирхуулсан юм. Үүнээс
хойш дэлхийн өөр орны лидерүүд хүртэл түүнийг урих хүсэлтээ ирүүлдэг
болжээ. Тэрээр ямар ч аяллын баггүйгээр 20 гаруй улсад лекцээ тавьсан
байна.

Тэрээр өөрийнхөө лекцийг “Чи инээмсэглэж чаддаг уу” гэж
эхлүүлэх дуртай. Австралийн үндэсний телевизээр оролцож байхад нь
түүнээс яагаад ингэж эхэлдэг юм бэ, гэж асуухад тэрээр “Бүх амьдралынхаа
туршид сайн, сайхан зүйл хийсэн, зүрхнийхээ дуудлагаар явсан хүн л
инээж чаддаг. Аз болоход миний лекц уншсан газар бүр инээмсэглэлийн учир
утгыг ойлгодог хүмүүс таардаг” гэж хариулж байжээ. Ник Австрали улсдаа
бараг өдөр болгон телевиз, радиогийн ямар нэгэн хөтөлбөрт урилгаар
оролцдог нэгэн. Түүний нэр хүнд одоо алдар нэртэй хүмүүсийн тоонд
багтахад хүргэжээ. Тэрээр дэлхий даяар уншсан нийт лекцээрээ зургаан ном
гаргасан бөгөөд өөрийн намтар бүхий гурван ном гаргасан байна. Түүний
лекц уншиж, олон нийтэд хүргэх арга барилыг өдгөө олон хүмүүс ашиглаад
байгаа гэнэ.  Дунд сургуулийн багш нараас авахуулаад улс төрчид нь
хүртэл түүн шиг ярихыг хүсэх болжээ. “Никийн арга барил” гэсэн нэрийг
хүртэл аваад байна.

Никийг
26 настай байхад нь алдарт Опра Уинфри өөрийн шоундаа оролцох урилга
илгээсэн байна. Үүнээс хойш түүний амьдрал эрс өөрчлөгдөж, лекц уншуулах
хүсэлтэй хүмүүс, албан байгууллагын тоо ч нэмэгджээ. Энэ шоунд
оролцсоныхоо дараа “Гаргүй, хөлгүй ч юунд ч шантрахгүй” нэртэй номоо
Опрагийн хөрөнгө оруулалтаар анх хэвлүүлжээ.

2009 онд тэрээр
“Эргэлдэж буй эрвээхэй” нэртэй богино хэмжээний киног өөрөө найруулан,
гол дүрд нь тогложээ. Тэр ондоо Австралийн кино академийн шилдэг богино
хэмжээний кино, Холливудын Feel good movie наадмын шилдэг богино киноны
шагналын эзэн болсон байна. “Би бурханд итгэдэг. Гэхдээ ямар нэгэн ид
шидэнд итгэдэггүй. Ид шидийг үнэхээр хүсч байвал тухайн хүн өөрөө л
хийнэ. Бурхан чамд угаасаа нэг л боломж олгосон. Тэр нь чиний ганц олдох
амьдрал” гэж Ник хариулж байсан удаатай.

Тэрээр саяхан буюу энэ
сарийн 12-нд Кени нэртэй бүсгүйтэй гэрлэжээ. Хэдийгээр хэдэн жилийн
өмнө нэгэн ярилцлагадаа “Магадгүй би хэзээ ч гэрлэхгүй байж магадгүй”
гэж хариулж байсан ч тэрээр энэ сард гэрлэлтээ албан ёсоор батлуулсан
юм. “Үнэхээр аз жаргалтай байна. Миний амьдралын хамгийн сайхан мөч. Би
дахин төрж, дахин зорилготой, тэмүүлэлтэй боллоо” гэж Ник Твиттертээ
бичсэн байна. Түүний эхнэр Кени Австралийн сайн дурын нэгэн байгууллагын
гишүүн ажээ. Түүний уншсан лекц болгонд алгасалгүй сууж, бичсэн ном
болгоныг худалдаж аван, и-мейлээр харилцдаг байсан гэдэг. Ник, Кени нар
нэг жилийн өмнө нүүр тулан уулзаж, тэр цагаас хойш үерхэж эхэлсэн юм.
Түүнээс хойш Кени, Никийг даган лекцэнд нь хамт явдаг болсон байна.
Түүний гэрлэлт Австралид нэлээд сенсааци дэгдээжээ. Бүх телевиз, радио
түүний гэрлэлтийн тухай ярьж байсан гэдэг. Твиттер хуудсанд түүнийг
“дагасан” 500 мянга гаруй хүн байдаг ажээ. Фейсбүүк хуудсан ч маш олон
найзтай аж.

Ийнхүү хэн нэгний төсөөлж ч чадахааргүй амьдралаар
нэгэн хүн амьдарч байна. Тэр энгийн хүний гаргаж чадахааргүй амжилтыг
гарган дэлхий нийтэд танигдсаар явна. Түүний гаргах амжилт цаашид ч
үргэлжилсээр байх болно гэдэгт итгэлтэй байна. “Түүн шиг олон хүн манай
дэлхийд байгаасай. Ид шид гэж байдаг бол түүнийг хэлж болох байх. Өдөр
болгон түүний лекцийг сонсоод шинэ зүйлсийг олсоор л байдаг. Чамд
баярлалаа”. Энэ бол түүний Фейсбүүк хуудсан дээр бичсэн нэгэн хүний
сэтгэгдэл. Яг одоо тэрээр Энэтхэг улсад лекц уншиж яваа. Үүнийхээр дараа
Өмнөд Солонгост очиж нэгэн нэвтрүүлэг оролцох ажээ.

Эцэст нь
түүний хэлсэн нэгэн үгийг та бүхэнд хүргэе. “Унасан ч та бос. Дахиад
унавал дахиад бос. Энэ хорвоод унадаггүй хүн гэж нэг ч байдаггүй юм. Гол
нь хүсэл мөрөөдлөө л битгий орхиорой”.

Б.Болорсүх


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж