Иран цөмийн үйлдвэрлэлээр нэг шат ахижээ

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Иран цөмийн үйлдвэрлэлээр нэг шат ахижээ

АНУ, Европын холбоо эдийн засгийн хоригоор боомилж буй авч Иран цөмийн түлшний үйлдвэрлэлээр шинэ шатанд хүрсэн гэдгээ өчигдөр мэдэгджээ. Тегераны цөмийн хэлэлцээний зуучлагч Саид Жалили Иран цөмийн асуудлаар АНУ болон дэлхийн бусад оронтой хэлэлцээ хийхэд бэлэн гэж Европын холбооны Гадаад бодлогын ахлах Кэтерин Эштонд хэлсэн гэнэ. Иран цөмийн асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн гэх боловч хөтөлбөрийг боловсруулж, шат ахиулах стратеги явуулж буйг ажиглагчид цаг хожих тактик гэжээ. Дээрх мэдэгдэл нь үүнийг баталсан аж. Ираны телевизээр шууд ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад Иранд анх удаа үйлдвэрлэсэн цөмийн түлшийг Тегераны хойд хэсэг дэх судалгааны реакторт бүтээсэн гэж мэдэгдсэн гэнэ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдэгдлийг “Олон улсын хоригийн эсрэг шидэж буй увайгүй мэдэгдэл” гэж хэлсэн гэнэ. Дээрх мэдэгдлээс өмнө Бангкок хотод Иранчуудын түрээсэлж байсан байрнаас тэсрэх бөмбөг олдсон болон Шинэ Дели хотод дипломатын эхнэр болон өөр гурван хүнийг шархдуулсан дэлбэрэлтэд Израйлийн тагнуулын албаныхан Ираныг холбоотой гэж буруутгасан юм. Харин Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Израйлийн мэдэгдлийг үндэслэлгүй гээд “Иран Энэтхэгийн хооронд яс хаяж, хагаралдуулах бүтэхгүй оролдлого” гэжээ. Цөмийн хөтөлбөрийн хүрээнд Иран ураныг хий болгон хувиргаж, цөмийн түлш болгох аж. 3.5 хувь баяжуулсан ураныг эрчим хүчний реакторын гол түлш болгон ашиглах юм. Гэвч яг үүнтэй адил процессоор баяжуулсан 90 хувь цэвэр ураныг  цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэдэг. Иран цөмийн реакторыг зөвхөн эрчим хүч, анагаах ухааны судалгаанд ашиглана гэж мэдэгдсэн билээ. Иран цөмийн түлшийг өрнөдийн орнууд руу гаргах төлөвлөгөө нь бүтэлгүйтсэний дараа 2010 онд баяжуулалтыг 20 хувь хүртэл өсгөсөн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж