В.Путинийг ”баривчилсан” нь

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

В.Путинийг ”баривчилсан” нь

В.Путинийг “баривчлав”. Шүүх танхимд ялын тогтоолыг нь уншиж, ОХУ-ын Ерөнхий сайдыг торны цаана суулгах нь тэр. Эрэмгий зоригтой, эрч хүчтэй, мөнхийн залуу, бас тагнуулч удирдагчийг хэдхэн хормын дотор улс төрийн хоригдол болгон хувиргав. Хойд солонгосчууд агуу удирдагч Ким Чен Ирийнхээ дурсгалыг хүндэтгэн хамтдаа уйлсан хэвээр байхад оросууд В.Путиний тогтолцооны эсрэг хамтдаа тэмцэцгээж байна. Чучхе үзэлтнүүд өлсгөлөнд нэрвэгдэж, өдөр, хоногийг арай ядан өнгөрүүлж байгаа атлаа агуу удирдагчийнхаа дурсгалд зориулан аварга том хүрэл хөшөө босголоо. Харин улс төр, эдийн засгийн хүчирхэг ертөнц болох Орос оронд В.Путиний босгосон хана хэрмийг нураахын төлөөх тэмцэл улам ширүүсэв. Хойд солонгосчууд Ким Чен Ирийн 70 насны ойг өчигдөр тэмдэглэж, агуу удирдагчдаа генералиссимус цолыг нэхэн олгосон бол оросууд Засгийн газрын тэргүүнээсээ эрх мэдэл, эд хөрөнгө, хувь улстөрчийн нэр хүнд, улс төрийн карьер, ер өнгөрсөн 12 жилд хуримтлуулсан бүх капиталыг нь хураан авахыг хүсэж байна. Оросууд дайныг хүсээ гэж үү. Тэд В.Путиний хаанчлалыг эцэс болгохыг ингэтлээ их хүссэн гэж үү.

Ямартай ч өрнөдийнхөн өргөн уудам газар нутагтай Орос орон руу эхэлж “өндөг” шидсэн нь үнэн. Түүнийг нь тэрс үзэлтнүүд, өрнөдийн талыг баримтлагчид болох Борис Немцов тэргүүтэн жагсаал, тэмцэл болгон өргөжүүлсэн нь ч бас үнэн. Өнгөрсөн өвөл Төрийн Думын сонгуулийн үр дүнг эсэргүүцэн зохион байгуулсан жагсаал, цуглааныг америкчууд санхүүжүүлсэн. Харин одоо тэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2012 оны сонгуульд Нэгдсэн Орос намаас нэр дэвшигч В.Путинийг хорлон сүйтгэх ажиллагааг цахим аян дайн болгон хувиргалаа. Өрнөдийнхөн Сталиний дэглэм бүхий Зөвлөлт орон, тухайн үед Улсыг аюулаас хамгаалах хорооны даргаар 15 жил ажиллаж, дараа нь ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болсон Ю.Андроповын үед КГБ-ын тагнуулчид Кремльд хэрхэн шургалсан, тэдний нэг болох В.Путин гэдэг нөхөр ард түмний сэтгэл зүйд анх хэрхэн нөлөөлсөн, бас Чеченийн дайнаар суртал ухуулга хийж, Төрийн тэргүүний сэнтийд яаж заларсан тухай “Путиний тогтолцоо” хэмээх нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн нь Москвад улс төрийн уур амьсгалыг улам ширүүсгэхэд хүргэв. Оросууд өрнөдийнхний үзэл сурталд автаж “Тийм ээ, Путин бол хоёр дахь Сталин” хэмээн итгэх болов. Хосни Мубаракийн 30 жилийн ноёрхол, Каддафийн дарангуйллыг эцэс болгосон цахим ертөнц дэх аян дайн ийнхүү ОХУ-ын Ерөнхий сайдыг чиглэлээ. Эрчүүдийн дэгдээсэн интернэт аян дайнд бүсгүйчүүд нэгдэж, “Стриптиз” тэмцэл хийж эхлэв. Тэд “Путиний дэглэм сөнөтүгэй! Орос, Украйны хооронд хийсэн хийн гэрээг цуцалсугай. “Газпром”-ын монопольчлолыг эцэс болгоё” хэмээн уриалж, цээжээ нүцгэлэн дүрсгүйтэв. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 4-нд болно. Тиймээс Төрийн Думын сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, цагдаагийнханд баривчлагдаж байсан блогч Навальный “Путинийг баривчилсан нь” хэмээх видео сурталчилгааг өчигдөр интернэтэд байршуулсан нь олныг гайхшруулав. Зарим нь “Путинийг баривчилчихжээ” гэж итгэв. Харин нөгөө хэсэг нь “Путиний эсрэг сөрөг сурталчилгаа явуулж байгаа нь тэр” хэмээн ер итгэсэнгүй. Д.Медведев 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үед оросууд В.Путин, Д.Медведев хоёрын дүрс бүхий матрёшка урлан Кремлийн ноёдын эсрэг ашиглаж байсан. Харин одоо технологийн дайн явуулж байгаа нь энэ. Иран улс АНУ-ын эсрэг газрын тосны аян дайн хийж эхэлсэн бол америкчууд В.Путиний тогтолцоог эцэс болгохын төлөө Москва тийш анхаарлаа хандуулж байна. Тэд ОХУ-ын Ерөнхий сайдыг Интерполын шугамаар биш, интернэтээр “баривчилж” чадсанаа ийн харууллаа. Эрч хүчтэй тагнуулч В.Путинийг ядарч цөхөрсөн, сул дорой нэгэн болгон хувиргаж, М.Ходорковскийд өмсгөсөн хоригдол хувцсыг өөрт нь өмсгөж сахилгагүйтэв. Гэвч энэ юуны дохио вэ. В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч болох ёсгүй юм бол өөр хэн гэж. Оросууд ирэх хавар хэн гэдэг Ерөнхийлөгчтэй хамт Ялалтын баяраа тэмдэглэхийг ингэтлээ их хүснэ вэ.  

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж