Ливийн босогчид аюул дагуулсаар байна

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Ливийн босогчид аюул дагуулсаар байна

Ливийн зэвсэгт бүлэглэлүүдийн аюул дуусаагүй байна гэж Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллага “Amnesty International” анхааруулсан байна.  Хурандаа Муаммар Каддафийг хөнөөж, түр Засгийн газар байгуулагдсанаас хойш зэвсэгт бүлэглэлүүд хүн барьцаалах, мөргөлдөөн гаргах нь зогсоогүй байгаа бөгөөд өнгөрсөн есдүгээр сараас хойш 12 хүн босогчдын гарт амиа алджээ. Ливийн дарангуйлагч гэгдэж байсан хурандаа Муаммар Каддафийн дэглэмийг унагасны нэг жилийн ойг ирэх баасан гаригт тэмдэглэхээр бэлтгэж буй энэ үед “Amnesty International” дээрх мэдэгдлийг гаргажээ. Муаммар Каддафийг дэмжигч 8,000 гаруй хүнийг зэвсэгт босогчид барьцаалсан тухай НҮБ-ын шинжээчид өнгөрсөн сард мэдээлсэн юм. Ливийн түр Засгийн газар иргэний дайны хөлд нэрвэгдсэн улсдаа тогтвортой байдал бий болгох гэж хичээж байгаа боловч зэвсэгт бүлэглэлүүдийг хянаж хүчрэхгүй гэж сурвалжлагч нар бичиж байна. Өнгөрсөн сард “BBC”-ийн сурвалжлагч нар Ливийн гурав дахь том хот Мисратад зэвсэгт этгээдүүд хурандаа Муаммар Каддафийг дэмжигчдийг барьцаалан тамлан зовоож буйг нотлох баримтыг дэлгэсэн юм. Тэд цахилгаанд цохиулж, зодуур, нүдүүрээс болж амиа алдсан хүний цогцсыг олсон аж. Ирэх баасан гариг буюу маргааш Муаммар Каддафийн дэглэмийг унагасан хувьсгалын нэг жилийн ойг Ливи даяар тэмдэглэхээр зэхэж байгаа энэ үед зэвсэгт этгээдүүд Ливийн ирээдүйг өөрөөр төсөөлж, шинэ дэглэм бий болгох вий гэдэг айдас бий болжээ. “Amnesty International” байгууллагын гишүүн Донателла Ровера “Зэвсэгт бүлэглэлүүд ямар ч хариуцлага хүлээхгүй нь хамгийн аймшигтай” гэж ярьсан байна. Өнгөрсөн мягмар гаригт Ливийн хэдэн арван мянган босогчид нийслэл Триполи хотыг чиглэн их бууны цуваа үүсгэн, ёслолын буудлага хийжээ. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж