Гондурасын шоронгийн 300 хоригдол шатжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Гондурасын шоронгийн 300 хоригдол шатжээ

Гондурасын Комаягуа хотын төв дэх шорон түймэрт автсанаас 300 гаруй хүн амиа алдлаа. Гал түймэр юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Хориглуудын тоогоор тэргүүлдэг Гондурасын шоронгийн нөхцөл маш муу, аймшигтай байсан талаар олон улсын байгууллагын шинжээчид ярьж байна. Нохойн хороо шиг бохир камерт багтаж шингэхгүй болтлоо дүүрсэн хоригдлууд түймэрт шатаж, зарим нь угаартаж үхсэн аж. Шинжээчдийн таамаглаж буйгаар гал шөнө дунд, хоригдлууд унтаж байх үед гарсан бололтой. Найман сая хүн амтай Гондурасын шоронгууд 8,000 орчим хоригдол хүлээн авах багтаамжтай боловч 2010 онд нийт хоригдлуудын тоо 12,000 хүрч, 40 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Гал түймрийн шалтгааны талаар шоронгийн дарга хоригдлын матрассанд оч үсэрснээс болсон байж магадгүй гэж эрх баригчдад мэдэгдсэн гэнэ. Гэвч дээрх аймшигтай хэргийн талаар олон нийт, хоригдлуудын ар гэрийнхэн болон хүний эрхийг хамгаалах байгууллагын гишүүд тайлбар хийхийг шаардаж байгаа аж. Гал түймэрт шатсан шоронгийн гадна хоригдлуудын ар гэрийнхэн шоронгийн удирдлагууд ямар тайлбар хийхийг сэтгэл түгшин хүлээсээр байгаа гэнэ. Хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага дээрх аймшигтай хэргийн шалтгааныг олох мөрдлөг явуулахыг шоронгийн удирдлагуудаас шаардсан байна.

Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар хоригдлуудын дийлэнх нь 18-25 насны залуус байсан гэнэ. Нэг камерт олон хоригдлыг бөөнөөр нь хорьдог тус шоронд гал түймэр гарахад яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ аваагүйд шоронгийн удирдлагуудын ёс зүй, ажилтнуудын туршлагагүй, хариуцлагагүй байдлыг буруутгаж байгаа аж. Амиа алдсан хохирогчдын цогцсыг гялгар уутанд хийж, шоронгоос гаргаж ирсээр байгаа бөгөөд амьд мэнд үлдсэн бусдыг нь нүүлгэн шилжүүлжээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж