“Америк уналтын жор”

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

“Америк уналтын жор”

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама төсвийн алдагдлыг бууруулах сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлж чадахгүй болов. Шинэ төсөвт алдагдал 1,33 их наяд буюу 8,5 хувь болж байна. Улсын өрийн хэмжээ нь 2021 он гэхэд 18 их наяд ам.доллар болох ажээ. Энэхүү орлогоо Обама баячуудаас авах татварын нэмэгдлээс олох гэнэ. “Тэр нь Америкийн уналтын зам” хэмээн бүгд найрамдахчууд дургүйцэж байна.

Энэ жилийн аравдугаар сарын 1-нээс эхлэх ирэх санхүүгийн жилийн төсвөө ерөнхийлөгч Барак Обама Конгресст хүргүүлэв. Төсвийн орлого  зарлагын зөрөө нь 3,8 их наяд ам. доллар болж байна. Ажлын байр бий болгох, зам, гүүр, сургууль барих, оюутны төлбөрт бага мөнгө гаргахаар төлөвлөсөн байна. Төсвийн хуулийн төсөл нь 2011 оны есдүгээр сард ерөнхийлөгчийн санал болгоод Конгрессаас буцсан American Job Act гэх баримтуудыг зарим талаар давтаж байна.

Төсвийн төлөвлөгдсөн алдагдал нь 1,33 их наяд ам.доллар болон дөрөв дэх жилдээ их наяд доллараас даван дотоодын нийт бүтээгдэхүүний 8,5 хувьтай тэнцэж байна. Энэ нь Обама ерөнхийлөгчийн хугацааныхаа сүүл рүү төсвийн алдагдлыг хоёр дахин бууруулна гэж амлаж байснаа биелүүлж чадахгүй гэсэн үг болох бололтой. 2009 онд төсвийн алдагдал нь 1,42 их наяд доллар хүрч байлаа. Ерөнхийлөгчийн шинжээчид 2011 оны намар төсөвт суулгагдсан зөрүүгийн баримжаат төвшин болгон авсан хэмжээнээс энэ үзүүлэлт нь 956 тэрбум долларын орчмоос хэтрэхгүй гэж байсан юм.  Жилийн дараа нь алдагдал 901 тэрбум доллар байхаар төлөвлөсөн бөгөөд энэ нь өмнө гаргаж байсан 685 тэрбум доллар гэсэн дүгнэлтээс хамаагүй их гэсэн үг юм.

Цагаан ордон ойрын 10 жилд төсвийн алдагдлыг гурван их наядаар буулгана гэж байгаа юм. АНУ-ын улсын өрийн хэмжээ 2021 он гэхэд 18,7 их наяд буюу ДНБ-ний 77 хувьтай тэнцэхээр дүгнэгдээд байгаа. Өмнөх дүгнэлтээр 17,01 их наядын тухай яригдаж байсан билээ.

Төсвийн орлогыг баячуудын татварыг нэмэгдүүлснээр ихэсгэнэ гэж Обама үзэв. Жорж Бушийн үеэр жилдээ 250 мянган ам.доллараас дээш орлоготой гэр бүлийн аж ахуйг дэмжин гаргаж ирсэн татварын хөнгөлөлтийг Барак Обама сунгахгүй. Энэ удаад анх удаагаа нэмүү ашгийн татварын хэмжээг 15 хувиас 39,6 хувь хүргэх санаа дэвшүүлэв. Тэрбумтан Уоррен Баффет нэг саяаас дээш орлоготой хүмүүсээс 30 хүртэл хувийн татвар авах төсөл санаачилж байгаа юм. “Баффетийн татвар” нь “том баячуудыг ялган дээшлүүлэх байтугай харин дунд ангид цохилт болж буй алтернатив татварыг орлоно” хэмээн төсвийн төслийн дагалдах бичигт өгүүлжээ.

Эдгээр арга хэмжээний дүнд дараагийн 10 жилд 206 тэрбум доллар олно гэж Цагаан ордон тооцжээ. Үүний хажуугаар нефть, байгалийн хийн компаниудад үзүүлэх татаасыг Обама бууруулахаар төлөвлөжээ. “Бид хэрэглэхгүй байж болох эд зүйлсийн зардлыг бууруулж болно. Харин бидэнд хэрэгтэй эд зүйлийнхээ төлөө бид шудрага үнэ төлөх ёстой” хэмээн Обамагийн хэлснийг иш татан The Wall Street Journal сонинд бичжээ.

Төсвийн төслийг бүгд найрамдахчуудын хатуухан шүүмжилж байна. Тухайлбал, Төлөөлөгчдийн танхимын Төсвийн хорооны дарга Пол Райан төсвийн төслийг “хариуцлагагүй”, Америкийн уналт ба өрийн хямралын жор” хэмээн нэрлэснийг Bloomberg агентлаг мэдээлэв. “Энэ санааг төсөв гэж нэрлэхгүй. Энэ бол сурталчилгааны баримт” гэж Сенат дахь бүгд найрамдахчуудын цөөнхийн лидер Митч Макконнелл ярьж байна. “Ерөнхийлөгч захирахаас дахин ухарч зөвхөн хуваалцахыг хүсч байна” хэмээн тэр мэдэгдэв. Төлөөлөгчийн танхимын спикер бүгд найрамдагч Жон Бонер Обамагийн төсвийг “уналтын бодлогынх нь гунигтай ойлт” гэж “хуучин санаа, заль, эдийн засгийг улам муутгах татварын нэмэгдэл” зэргийн цуглуулга хэмээн тодорхойлов.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж