“Реал”, “Челси” дараагийн шатанд

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

“Реал”, “Челси” дараагийн шатанд

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн үлдсэн хоёр хариу тоглолт өнгөрсөн шөнө болсноор Европын топ төвшинд өрсөлдөх шөвгийн найман багийн нэрс тодорлоо.

Яруу алдарт Испанийн эзэн хааны “Реал Мадрид” баг өнгөрсөн шөнө Сантьяго Бернабеу цэнгэлдэхдээ Францын “Лион”-ыг 3:0 харьцаатай буулган авснаар хоёр тоглолтын нийлбэрээр 4:1-ээр ялалт байгууллаа. 2004 оноос хойш тасралтгүй шөвгийн 16-гийн шатнаас мултарч байсан эзэн хааны баг энэ удаад “Онцгой нэгэн”-ий удирдлага дор шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авлаа. “Лион”-ы талбайд хийсэн эхний тоглолод 1:1 харьцаатай тэнцсэн бөгөөд өчигдрийн хариу тоглолтод Марсело /37’/, Бензема /66’/, Ди Мария /76’/ нар гоолдсоноор багтаа ялалт авчирчээ. Тоглолтын дараа Марсело “Бид дасгалжуулагчийн хүсч байснаар тоглож, ялалт байгууллаа. Энэ ялалт бидэнд ихээхэн эрч хүч, итгэл хайрласан. Үүнийгээ Мадридын фенүүдэд зориулъя. Дараагийн шатанд ямар багтай таарч тоглохыг мэдэхгүй учраас сугалаа болох өдрийг хүлээнэ” хэмээн ярьжээ.

Мөн өнгөрсөн шөнө Лондонгийн “Челси” клуб талбайдаа Данийн “Копенгаген”-г хүлээн авч, гоолгүй тэнцлээ. Хэдийгээр энэ тоглолтод тэнцсэн ч Данийн нийслэл хотноо болсон өмнөх тоглолтод 2:0 харьцаатай хожсон “Цэнхрүүд” саадгүйгээр дараагийн шатанд шалгарлаа.

Аваргуудын лигийн шөвгийн найман багийн сугалаа энэ сарын 18-нд  буюу маргааш Швейцарийн Ньон хотноо байрлах UEFA-гийн төв байранд болно. Улмаар шөвгийн найман багийн эхний тоглолтууд дөрөвдүгээр сарын 5, 6-нд, хариу тоглолт 12, 13-нд болох юм.

Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарсан багууд:

“Рома” /Итали/ 2:6 “Шахтёр Донецк” /Украйн/
“Милан” /Итали/ 0:1 “Тоттенхэм Хотспур” /Англи/
“Валенсия” /Испани/ 2:4 “Шальке 04” /Герман/
“Интер Милан” /Итали/ 3:3 “Баейрн Мюнхен” /Герман/
“Лион” /Франц/ 1:4 “Реал Мадрид” /Испани/
“Арсенал” /Англи/ 3:4 “Барселона” /Испани/
“Марсель” /Франц/ 1:2 “Манчестер Юнайтед” /Англи/
“Копенгаген” /Дани/ 0:2 “Челси” /Англи/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж